ДОРНОД МОНГОЛЫН ХЭЭРИЙГ ДЭЛХИЙН ӨВД БҮРТГҮҮЛЭХ АСУУДЛЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

2024.12.06

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ү.Энхтайван нар Байгаль хамгаалах олон улсын нийгэмлэг (IUCN)-ийн Ерөнхий захирал хатагтай Гретал Агүйлар болон бусад албаны төлөөлөлтэй уулзлаа.

Байгаль хамгааллын чиглэлээр олон улсын шилдэг туршлага бүхий тус байгууллагын зүгээс Монгол Улсын зохион байгуулах Талуудын 17 дугаар бага хуралд дэмжлэг үзүүлэн, Бага хурлын нэг өдрийг “Биологийн олон янз байдал ба Байгаль” сэдвийн хүрээнд зохион байгуулахыг дэмжиж ажиллах боломжтойг дурьдлаа.

Байгаль хамгаалах олон улсын холбоо нь тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, стандартыг сайжруулах, байгальд суурилсан шийдлээр дамжуулан орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих замаар бэлчээр, газрын менежментийг сайжруулах чиглэлд туршлагатай байгууллагын нэг билээ.

Цаашид энэ чиглэлд манай улстай хамтран ажиллах, мөн Тэрбум мод санаачилга болон хөвд цөөрөм байгуулах санаачлагуудыг дэмжих хүрээнд ойн ландшафтын нөхөн сэргээлт, тэдгээрийг үнэлэн хэмжих арга, аргачлалыг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ.

Тус байгууллагын зүгээс олон улсад Риогийн 3 конвенцын уялдааг хангуулахад манлайлан ажиллаж байгаагийн хувьд Монгол Улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, байгаль хамгаалах монголын уламжлалт мэдлэгийг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх, шар шороон шуурга, цөлжилтийг сааруулах чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөрийн санал боловсруулан ажиллахаар тохиролцлоо.

Мөн Монгол Улсын зүгээс Дорнод Монголын хээрийг дэлхийн өвд бүртгүүлэх асуудлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. /2024.12.05/

ᠬᠤᠤᠳᠠᠰᠤ ᠨᠤᠭᠤᠳ