Сайд Б.Батбаатарын Абу Даби, Доха дахь албан томилолт амжилттай болов
Сайд Б.Батбаатарын Абу Даби, Доха дахь албан томилолт амжилттай болов
Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо Олон улсын байгаль хамгаалах холбоо (ICUN)-ы Дэлхийн байгаль хамгааллын конгресс болж өндөрлөв. Арабын энэ халуун улсад дэлхийн 35 орны Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нар болоод орон, орны 10.000 гаруй зочид төлөөлөгч оролцсон нүсэр том арга хэмжээ болсон нь нэн онцлог байлаа. Энэхүү онцгой чухал, дэлхийн байгаль хамгааллын төлөө хүн төрөлхтнөөрөө нэгдэн эвсэж нэгэн дээвэр дор цугладаг уг арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар яамныхаа баг бүрэлдэхүүнийг оройлон бүтээлчээр оролцов. Мөн ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал” /СОP-17/-ын зохион байгуулах Ажлын албаны дарга Д.Батмөнх болон мэргэжилтнүүд оролцсон юм. Дэлхий ертөнцөд байгалиа хамгаалах, авч үлдэх чамгүй сорилт бүх цаг үед тулгарч ирсэн бөгөөд үүний төлөө хүн төрөлхтөн шамдаж, нэгдэж, нэгнээсээ суралцаж, дэмжлэг авч ногоон үзэл санааны дор нэгдэн чуулдаг энэ том конгресст Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ногоон үзэл санаа, үнэт зүйлийн эрмэлзэлт ИЗНН-ын дарга Б.Батбаатар оролцож, СОP-17 хурлаа сурталчлахын зэрэгцээ, хурлыг үр дүнтэй, бүтээлч зохион байгуулахын тулд олон талт уулзалтуудыг хийж, уулзалт бүрээ амжилттай болгох, улмаар сайн үр дүнг авчрахын төлөөх эрмэлзлээр цаг нартай уралдаж байв. Олон улсын байгаль хамгаалах холбоо, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн байгаль орчны сан, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Швейцарийн холбооны улсын хөгжлийн хамтын ажиллагааны Байгаль орчныг хариуцсан дарга зэрэг нэр хүндтэй, дэлхийд оройлон манлайлах нөлөө бүхий олон байгууллагын тэргүүлэх удирдлагууд, Катар, ОХУ, Армени, Казахстан, Ботсвана, Арабын Нэгдсэн Эмират улсын Байгаль орчны сайдуудтай уулзаж, өргөн хүрээний яриа өрнүүлж, тодорхой дэмжлэгүүдийг амлуулж, Монгол Улсын байгаль хамгаалах бодлогын чиглэлд бодит дэмжлэгүүд авах олон хэлэлцүүлэгт оролцож, тайлбар таниулгыг хийж, зарим чухал санамж бичгийг байгуулсан юм.
Олон улсын байгаль хамгаалах холбоотой харилцан ойлголцлын санамж, АНЭУ-ын Мухаммед Бин Заед сантай зэрлэг амьтан хамгаалах хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн санамж бичгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар талуудтай үзэглэв. Конгрессийн үеэр улс орон болгон сурталчилгааны орон зай ажиллуулах бөгөөд Монгол Улс ч өөрийн зассан танхимдаа СОP-17 хурлаа сурталчлах ажлыг тухайн өдрүүдэд амжилттай хийсэн бөгөөд энэ ажлыг даасан ажлын албаныхан ажилдаа эзэн болж, зохион байгуулалт сайтай, үр бүтээлтэй байсныг тэмдэглүүштэй. Дэлхийн байгаль хамгааллын асуудлаарх уг конгрессийн үеэр сайд Б.Батбаатар олон уулзалт хийсэн юм. Уулзалт бүрийнхээ агуулгыг өндөр түвшинд дэвшүүлж, Монгол орны байгаль хамгаалал, СОP-17 хурлыг зохион байгуулахад дэмжлэг авахын төлөөх эрмэлзлээр шамдахын сацуу санхүүжилт, төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгийг авахад голлох анхаарлаа хандуулсан билээ. Талуудад өөрсдийн хүсэл эрмэлзэл, тулгамдаж байгаа бэрхшээлээ бодьтой ойлгуулж, энэ хүрээнд нааштай сайн хариу сонсож байсан нь ирэх жил зохион байгуулагдах СОP-17 хурлыг үр дүнтэй, ач холбогдлоор арвин байлгахад нэн тустайг онцлох нь зүйтэй. Абу Дабид харилцан тохиролцсон уулзалтууд цаашид Бразил, Кени зэрэг олон улсын хамтрагчдын дор дахин үргэлжлэх юм. Энэ хэрээр уулзалт, яриа хэлэлцээрийн давтамжууд ойртохыг дагаад харилцан ойлголцлууд баталгаажин эргэхийг онцлон тэмдэглүүштэй. Гагцхүү төр улс тогтвортой байх нь эхлүүлсэн ажлын эцсийн үр дүнг үзэх жим болох учиртай нь дамжиггүй юм. Дэлхийн улс орнуудын байгаль хамгаалалд янз бүрийн асуудлууд байна. Өөр, өөрийн гэсэн давуу тал, бас дутагдалтай тал байна. Ботсвана улсад гэхэд заан олон мянгаар бэлчих нь, Казахстанд бөхөнгийн тоо толгой элбэгших нь зохистой байдлыг алдагдуулж, Монголын бэлчээрийн малтай адил бэлчээр, ургамал, хөрс зэрэгт сөрөг асуудал учруулдаг байна. Монгол орны тухайд цөлжилт бол ноцтой асуудал болсон. Монголын онгон байгаль, хээр талыг экосистемээр нь, унаган төрхөөр нь авч үлдэхийн тулд Монголын Засгийн газрыг төлөөлж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар олон улсын конгресст бодит дуугаа хүргэж, Монголын цөлжилтийн эсрэг ажиллах хуралд зохих дэмжлэгүүдийг авах чухал алхамыг Абу Дабид бодьтойгоор өрнүүлж чадлаа. Дэлхийн хөгжсөн орнууд газар нутгийнхаа унаган төрхийг дахин олох, бий болгохын төлөө тэмүүлж унаган, онгон төрхөө хадгалсан улс орныг судалж, олон талт эрэлд гарч байна. Монголчууд бол ногоон үзэл санаа, байгальдаа ээлтэй амьдрах хамгийн өндөр уламжлалтай орон, ард түмэн билээ. Гэсэн ч бидэнд цөлжилт, бусад олон талт байгалийн доройтлууд тулгарч байгаа нь СОP-17 хурлыг амжилттай, үр дүнтэй зохион байгуулах тулгалт, шаардлагыг бэлхнээ нотолж байгааг онцлууштай. Үүний тулд олон улсын донор байгууллагуудын санхүү, төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг онцгой чухал болохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Абу Дабигийн томилолтоороо үнэмлэхүй гүйцэтгэсэн гэхэд хилс болохгүй. Ер нь, СОP-17 хурлыг мөн чанарын агуулга төгс, үр дүнтэй зохион байгуулбал, үүний үрээр цаашид тухайн улс орон олон талаар эерэг дэмжлэгүүд, хамтралд хүрдэг сайн жишээ олонтой. Чухам иймийн учир Б.Батбаатар сайд гадаад хамтын ажиллагааг ихээхэн онцолж, ач холбогдол өгч байна.
Ийнхүү Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон Олон улсын байгаль хамгаалах холбоо (ICUN)-ны Дэлхийн байгаль хамгааллын конгресст Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар ач холбогдол дүүрэн уулзалт, хэлэлцээрүүдийг хийсний дараа Катарын Доха хотноо ажлын айлчлал хийж, тус улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Абдулла бин Абдулазиз бин Аль-Субайетай уулзаж хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Энэ хүрээндээ хоёр улсын яам хооронд Санамж бичгийг ойрын хугацаанд байгуулах, байгаль орчин, ховордсон амьтан, ургамал хамгаалах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцохын зэрэгцээ ирэх онд Монгол Улсад зохиогдох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн талуудын XVII бага хурлыг (СОP-17) зохион байгуулахтай холбогдуулан хамтарсан санаачилга гаргаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллах, бүтээлч ажил хэрэг болгоход нягт хамтарч ажиллахаар тогтсон юм. Мөн СОP-17 хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зохистой хэлбэрийг ойрын хугацаанд тодорхойлж албан хариу ирүүлэхээ мэдэгдэв. Ийнхүү Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатарын Арабын хоёр оронд хийсэн ажлын айлчлал, томилолт, бодит бүтээлч үр дүнгээр дүүрэн байлаа. Түүнтэй Байгаль орчин, уур амсгалын өөрчлөлтийн яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий, сайдын зөвлөх С.Энхболд, СОP-17 хурлыг зохион байгуулах Ажлын албаны дарга Д,Батмөнх, Бодлого хөрөнгө оруулалтын хэлстийн дарга Д. Ариунтуяа, яамны гадаад харилцааны ажилтан А.Нарангаравуу нар томилолтын бүрэндэхүүнд багтаж зохих үр бүтээлтэй, санаачилгатай, ур чадвар өндөр ажиллаж, томилолтоо өндөрлүүлэв.
Эх сурвалж: Өдрийн сонин