БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ-100 ХОНОГТ
2024 оны төгсгөлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажил, гаргасан шийдвэр, үйл ажиллагааны тайланг хүргэж байна
НЭГДСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР
1. “Уур амьсгалын өөрчлөлт ба Монгол” сэдэвт сургалт нөлөөллийг арга хэмжээг эхлүүллээ. Энэ хүрээнд Хүрээлэн буй орчны агуулга бүхий хичээлийг 440 сургуулийн 330 мянган сурагч, 15 мянган багшид танилцуулаад байна.
2. “Стандарттай байгаль орчны салбар” төлөвлөгөөг баталлаа
3. Монгол Улсад 2026 онд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (COP 17)-аар Монгол Улсаас дэвшүүлэх уриалга, санаачилгыг тодорхойлов
4. “Ногоон технологи-2024” үзэсгэлэн зохион байгууллаа
БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ГАЗАР
1. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн систем (www.e-business.mn)-ээр дамжуулан үзүүлж эхэллээ. 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүд газар ашиглахтай холбоотой үйлчилгээний хүсэлтээ цахимаар илгээж, хүсэлтийн явцыг хянах бүрэн боломжтой болж байна.
2. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг хүлээн авах, хянах, батлах үйл ажиллагааг цахим системд бүрэн шилжүүллээ, Төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс тус яаманд жил бүр ирүүлдэг 650 орчим байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг хүлээн авч хянан баталгаажуулах үйл явцыг цахим болгосноор төрийн үйлчилгээг шат дамжлагагүй, түргэн шуурхай болгохоос гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамааран явцын хяналт тавих боломж бүрдэнэ.
3. Байгалийн ургамлыг тарималжуулсан тухай дүгнэлт, тодорхойлолт гаргахад мөрдөх аргачилсан заавар”-ыг боловсруулж баталлаа
4. Ус бохирдуулсны төлбөр тооцох, программ хангамжтай болох, хаягдал усыг тоолууржуулах ажлыг эрчимжүүлж, ус бохирдуулагчдын төлбөрийн дүнг Татварын албаны программд дамжуулах, орлогын мэдээллийг шуурхай харилцан солилцох “Усны өгөгдлийн удирдлагын систем” программыг Мянганы сорилтын сангийн төслийн санхүүжилтээр гүйцэтгүүлж, хүлээн авсан.
5.“Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах” журмын дагуу дуудлага худалдааг зохион байгуулж, дуудлага худалдаанаас 2024 онд 18.6 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт төвлөрсөн нь өмнөх оноос 5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Дуудлага худалдаанаас төвлөрсөн орлогын 50 хувийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж ойг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна. Дуудлага худалдааны үр дүнг auction.forest.gov.mn цахим систем оруулж олон нийтэд нээлттэй мэдээлэн ажиллаж байна. Үйлдвэрлэлийн зориулалтаар 2024 онд 13 аж ахуйн нэгж түүх эрх авч орон нутгийн 260-300 хүнийг ажлын байраар ханган 30.7 тэрбум төгрөгийн орлого нутгийн иргэдэд орсон.
5. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 60.0 сая дахь модоо тарьж ургуулсан. Мөн томоохон уул уурхайн аж ахуйн нэгжүүдээс мод тарих амлалт авсан Оюу толгой ХХК – 10.2 сая мод, Эрдэнэс тавантолгой ХХК нь 12.7 сая мод тарих зардлыг дүйцүүлэн ойн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж байна. Амлалт авсан аймаг, нийслэл нийт 38,8 сая мод тарьж ургуулснаас Сэлэнгэ аймаг хамгийн их мод тарьсан буюу 16.7 сая мод тарьж ургуулан арчлан хамгаалж байна
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ГАЗАР
1. Улсын тусгай хамгаалалтад 21 газрыг авахаар судалгааны ажлыг эхлүүлэн үзэл баримтлалыг боловсруулаад байна. Эдгээр газрууд нь байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий байгалийн бүс бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрхийг хадгалсан газрууд юм.
2. Тусгай хамгаалалттай газар нутгийн зарим чиг үүргийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гэрээний үндсэн дээр шилжүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Төр хувийн хэвшлийн түншлэлийг ийнхүү бодитой дэмжснээр нутгийн иргэд, аж ахуйн нэгж, ТББ-д түшиглэн байгалийн унаган төрхийг хадлагах, эко системийг хамгаалах, түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх өргөн хүрээ бүхий боломж бүрдэж байгаа юм.
3. Тусгай хамгаалалттай газар нутгийн гадаад хамтын ажиллагааг сайжруулж, найрамдалт харилцааг бэхжүүлэх үүднээс Горхи-Тэрэлжийн БЦГ нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Паркийн албаны Догюсаны БЦГ-тай, Богдхан уулын ДЦГ нь Тайландын хаант Улсын “Као Яай Үндэсний” парктай эгч дүү парк болох санамж бичиг байгуулахаар ажиллаж байна.
САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
1. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг шинэчилж, үндсэн хөрөнгийг дахин бүртгэлжүүлсэн
2. Ахмадын санг чадавхжуулахаар ажиллаж байна.
САЛБАРЫН ХЯНАЛТЫН ГАЗАР
1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь өргөдөл, гомдлыг албан бичгээр, цахимаар, шуудангаар, биечлэн хүлээн авахын зэрэгцээ иргэддээ илүү ойр хүрч ажиллах үүднээс "117" тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ.
Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газар
1. Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль, гаалийн татвараас 100 хувь тэглэх , ААНОАТ-аас хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ажил үйлчилгээ, тоног төхөөрөмжид 1%-ийн хөнгөлөлт үзүүлэх жагсаалт-ыг гаргаж эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг эхлүүлэв.
2. Байгальд ээлтэй бүтээгдэхүүн, ногоон технологийг сурталчлан таниулах, хөгжүүлэх зорилго бүхий “Ногоон технологи инновацийн төв” байгуулах ажлыг эхлүүлж зураг төслийг боловсруулав.
3. Авто тээрийн хэрэгслээс агаарт ялгарах бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг зөвхөн евро-5 ангиллын түлшээр хангах санаачилгыг гаргав. /Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хүргүүлэв.
4. Төсөл хэрэгжүүлэгчдийн байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлангийн хяналт баталгаажуулалт болон химийн бодис импортлох, ашиглах, хадгалах болон озон задалдаг бодисын импорт ашиглалтын тусгай зөвшөөрлийг үе шаттайгаар бүрэн цахимжуулав.
5. Улсын хэмжээнд 2024 онд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 2531 га талбайд техникийн нөхөн сэргээлт 483 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийлгэв.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал болон Цөлжилттэй тэмцэх асуудлуудыг зохицуулдаг РИО-гийн 3 конвенцуудын Талуудын бага хурлыг угтан конвенцуудын хэрэгжилтийг уялдуулах, хамтын ажиллагааны үр дүнг улам бэхжүүлэх зорилгоор оролцогч талуудыг оролцуулсан Дээд хэмжээний олон талт хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн тамгийн газартай хамтран 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хот дахь дипломат төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллагууд, төр болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, хүүхэд залуучуудын төлөөлөл 70 орчим байгууллагын 180 гаруй оролцогчид оролцов.
НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (COP16) Бүгд Найрамдах Колумб Улсын Кали хотноо 2024 оны 10 дугаар сард 27 мянга гаруй төлөөлөгчид оролцоотойгоор зохион байгуулагдсан. Уг хуралд Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч П.Батхишиг тэргүүтэй баг оролцов. Хуралдааны үеэр Монгол Улс "Кали сан"-г албан ёсоор хэрэгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж, тус сангийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхтэй холбоотой хурлын шийдвэр гарахад идэвхтэй оролцов. Монгол Улс "Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний төлөвлөгөө (2025-2030)"-нийхээ төслийг танилцуулж, олон улсын мэргэжилтнүүдээс үнэлгээ, зөвлөмж авсан. Энэхүү төлөвлөгөө нь байгаль хамгааллын бодлогыг илүү оновчтой, үр ашигтай болгох боломжийг нэмэгдүүлэх юм. Хурлын үеэр Монгол Улс байгалийн нөхөн сэргэлтэд чиглэсэн олон улсын санхүүжилтийн шинэ боломжуудыг судлах ажлыг эхлүүлсэн.
Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал (COP29) Азербайжан улсын Баку хотноо 2024 оны 11 дүгээр сарын 11-24- ний өдрүүдэд болж, конвенцод нэгдэн орсон 198 орны нийт 60,000 гаруй төлөөлөгчдийг хамарсан. Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тэргүүтэй өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцов. Монгол Улсын төлөөлөгчид хэлэлцээрт идэвхтэй оролцож, уур амьсгалын санхүүжилтийг 300 тэрбум ам. долларт хүргэх, карбоны зах зээлийн стандартыг баталж хувийн хэвшил, төрийн бус талуудын оролцоог нэмэгдүүлэх шийдвэрүүдийг тус тус дэмжсэн. Монгол Улсын бодлогын хувьд (i) байгаль суурилсан шийдлийг өргөжүүлж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, мөн хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломжтой, (ii) төр-хувийн хэвшлийн түншлэлд суурилж санхүүжилт, хөрөнгө оруулалт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо ахиулах гэсэн бодлогын чиглэлийг баримталж байгааг онцоллоо. Үүнтэй уялдуулж БОУАӨЯ-наас хоёр бие даасан арга хэмжээ, хэлэлцүүлгийг зохион байгуулсан үүнд: (1) Байгаль түшиглэсэн шийдлийг өргөжүүлэн хэрэгжүүлж уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал ба цөлжилтийн эсрэг давхар үр өгөөжийг бий болгох нь, (2) Төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх боломжийг хэлэлцсэн юм.
Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо 2024 оны 12 дугаар сарын 2-13 өдрүүдэд зохион байгуулагдсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 дугаар бага хуралд оролцлоо. Энэ үер цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлд Засгийн газраас баримталж буй бодлого, арга хэмжээ, туршлага, санал санаачлагыг танилцуулах тусгай өрөөг тохижуулж, сэдэвчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг өрнүүлж хамтын ажиллагаа өргөжин тэлсэн үр дүнтэйгээр ажиллалаа. 2026 оны Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбоотойгоор туршлага судлах ажлыг давхар зохион байгуулнаараа ач холбогдолтой арга хэмжээ болсон.
Эдгээр байгаль орчны салбарын НҮБ-ын конвенцуудын Талуудын хурлын үеэр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр дүнг сайжруулах чиглэлээр хоёр талт, олон талт олон улсын түнш байгууллагууд, хувийн хэвшил, залуучууд зэрэг олон талт оролцогчидтой уулзалт, хэлэлцүүлгийг хийлээ.