БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЛБАРЫН 2026 ОНЫ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр тэргүүтэй яамны удирдлагуудыг өнөөдөр (2026.01.28) хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр салбарын төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэн хэрэгжүүлэх, бодлого, төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах нь чухал болохыг онцолж, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг танилцууллаа. Мөн Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бодлогын дэмжлэг үзүүлж, салбар дундын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын бодлого, эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, 2026 онд хэрэгжүүлэх зорилтууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
Салбарын сайд танилцуулга мэдээллийнхээ эхэнд 2026 онд хэрэгжүүлэх бодлого, зорилтууд нь Алсын хараа-2050, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө, 2026-2030 оны таван жилийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдтэй бүрэн уялдсан талаар онцоллоо. Мөн эдгээр зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд байгаль хамгааллын чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгальд суурилсан шийдлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг баримтлан ажиллаж байгаа талаараа дурдав.
Үргэлжлүүлэн уур амьсгалын эрсдэл бодитой нэмэгдэж байгааг онцлоод ган, зудын давтамж 45 хувиар нэмэгдэх, газрын доорх цэвдэг 61 хувиар буурах төлөвийг танилцуулав. Энэ нөхцөлд цөлжилтийн болон усны нөөцийн судалгааг эрчимжүүлэх шаардлага тулгарч байгааг онцоллоо.
Монгол орны нийт газар нутгийн 17 хувьд газрын доорх усны хайгуул судалгаа хийгдсэн бөгөөд цаашид бусад бүс нутгуудад судалгааг төсвийн санхүүжилтээр хийх шаардлагатай байна.Ойн салбарын хувьд 2.1 сая га талбайд хөнөөлт шавьжийн тархалт судлагдсан бөгөөд тархалт нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхаарууллаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 онд 70 сая мод тарих, улсын газар нутгийн 30 хувийг 2030 он гэхэд тусгай хамгаалалтад авах, гол мөрний урсацын эхийн 55 хувийг хамгаалалтад авах зорилтуудыг танилцуулав.
Уулзалтаар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах “Цөлжилтийн судалгааны төв”-ийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийг боловсруулахад шаардлагатай төсвийг санхүүжүүлэхээр тохиролцлоо.
Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Эдийн засаг, хөгжлийн яам салбар дундын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болж, хоёр яамны бодлого, төлөвлөлтийн уялдааг хангах, 2026 оны зорилтуудын хэрэгжилтийг салбар дундын түвшинд зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Ажлын хэсгийг хоёр яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ахалж ажиллах юм.