БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ҮРГЭЛЖИЛНЭ

2026.04.20

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 115 дугаар тогтоолоор эрүүл мэнд болон байгаль орчны салбараас бусад салбарын 2026 оны төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг цуцалсан.

Харин байгаль орчны салбар уг шийдвэрт хамаарахгүй бөгөөд хяналт шалгалтын үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд улсын хэмжээнд үргэлжилж байна.

2026 онд байгаль орчны хяналтын чиглэлээр их болон дунд эрсдэлтэйд хамаарах 901 объектод төлөвлөгөөт хяналт шалгалт, мөн 7 чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний зэрэгцээ иргэдийн өргөдөл, гомдол, холбогдох байгууллагын шийдвэрийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ. 2026 оны I улирлын байдлаар нийт 778 удаагийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж, нийт шалгалтын 51 хувийг эзэлж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хяналт шалгалтын үйл ажиллагааг урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах чиглэлд түлхүү чиглүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

Энэ хүрээнд уул уурхайн үйл ажиллагаа бүхий аймгуудад баруун болон төвийн бүсийн сургалт, зөвлөгөөнийг 2 удаа зохион байгуулж, хяналт шалгалтаар нийтлэг илэрдэг зөрчил, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга зам, байгаль орчны хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр мэдээлэл өгч, улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Мөн 2026 оны 4 дүгээр сард химийн бодис хэрэглэгч болон авто засварын үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан зөвлөн туслах сургалтыг зохион байгуулах бөгөөд 5 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулах “Нээлттэй хаалганы өдөр”-өөр хууль тогтоомжийг сурталчлах, шинээр боловсруулж буй хуулийн төслүүдэд санал авах ажлыг зохион байгуулна.