БАЗЕЛИЙН КОНВЕНЦЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН ХЭСГИЙН 15 ДУГААР ХУРАЛДААН ЖЕНЕВ ХОТНОО АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Базелийн конвенцын Нээлттэй ажлын хэсгийн 15 дугаар хуралдаан (OEWG-15) Швейцарын Холбооны Улсын Женев хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралдаанд Базелийн конвенцын 138 Талуудын 306 төлөөлөгч, 144 ажиглагч байгууллагын төлөөлөл оролцож нийт 19 шийдвэрийг танилцуулсан. Тэдгээр шийдвэрүүдээс нэхмэлийн хог хаягдал, олон улсын худалдаа, цаашдын зохицуулалт анхаарлыг хамгийн ихээр татлаа.
Тодруулбал, нэхмэлийн бүтээгдэхүүний ойролцоогоор 70 хувь нь хуванцар гаралтай синтетик ширхэглэг агуулж байгаа нь энэ төрлийн хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, менежментийн шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байна.
Энэ хүрээнд Талууд дараах чиглэлүүдийг онцлон дэмжлээ.
Үүнд:
• Нэхмэлийн хог хаягдлыг байгаль орчинд ээлтэйгээр ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах, эцсийн устгал хийхэд чиглэсэн техникийн удирдамж боловсруулах;
• Синтетик ширхэглэгээс үүсэх микропластикийн бохирдлыг бууруулах арга хэмжээг тусгах;
• Хөгжиж буй орнуудад техникийн туслалцаа, сургалт, лабораторийн чадавх болон мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь нэхмэл хог хаягдлын байгаль орчинд ээлтэй менежмент болон чадавх бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр болон Базелийн конвенцын Ази, Номхон далайн бүсийн төвтэй хамтран ажиллаж байна.
Мөн 2026 оны 08 дугаар сард нэхмэлийн хог хаягдлын асуудлаар салбарын оролцогч талуудтай хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнг Базелийн конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэх болно.