БИОАЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ НАЙМАН ШИЙДВЭР БАТЛАГДЛАА

2026.10.29

Армени улсын нийслэлд болж буй НҮБ-ын Биологийн олон янз байдлын бага хурлын оройны нэгдсэн хуралдаанаар Биоаюулгүй байдлын тухай Картагены протоколын Талуудын 12 дугаар хурал (CP-MOP 12) найман шийдвэр баталлаа.

Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар хуралтай (COP 17) зэрэгцэн хуралдаж буй тус хурлын шийдвэрүүд нь протоколын үүргийн биелэлт, санхүүжилт, тайлагнал, мэдээлэл солилцоо, хувиргасан амьд организмыг илрүүлэх чадавх болон үндэсний зохицуулалтын асуудлыг хамарч байна. Санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдвэрээр биоаюулгүй байдлын хэрэгцээг үндэсний биологийн олон янз байдлын санхүүжилтийн төлөвлөгөөнд тусгах, бүс нутгийн хамтарсан төсөл боловсруулахыг дэмжив.

Мөн Дэлхийн байгаль орчны сангаас (GEF) биоаюулгүй байдалд зориулсан хангалттай, урьдчилан тооцоолох боломжтой санхүүжилтийг нэмэгдүүлэх, төслийн санал хүргүүлэх үйл явцыг хялбарчлах талаар COP-д зөвлөмж хүргүүлэхээр тогтлоо. Үндэсний эрх зүйн зохицуулалт, хэрэгжүүлэх чадавх, мэдээлэл солилцоо болон зургаа дахь үндэсний тайлангийн бэлтгэлийг дэмжихэд онцгой анхаарал хандуулсан.

Протоколоор хүлээсэн үүргийн биелэлтийг хангах хүрээнд үндэсний зохицуулагч, эрх бүхий байгууллага, шаардлагатай холбоо барих цэгийг томилж, мэдээллийг нь шинэчилж байхыг Талуудад сануулав. Биоаюулгүй байдлын зохицуулалтын тогтолцоогоо бүрдүүлж буй улс орнуудын ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ санхүүгийн болон техникийн туслалцаа, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжихийг уриаллаа.

Үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа Талууд протоколын Хэрэгжилтийг хангах хороо болон Нарийн бичгийн дарга нарын газраас дэмжлэг авах боломжтойг онцоллоо. Хяналт-шинжилгээ, тайлагналын тухай шийдвэрт үндэсний тав дахь тайлангаа ирүүлээгүй Талуудыг тайлангаа шуурхай хүргүүлэхийг сануулж, зургаа дахь тайланг 2029 оны 6 дугаар сарын 30-ны дотор ирүүлэх хугацааг тэмдэглэв.

Дараагийн тайлангийн маягтыг боловсруулахдаа улс орнуудын санал, туршлагыг тусгахын зэрэгцээ хэрэгжилтийн ахицыг харьцуулан үнэлэх боломжийг хадгалахаар тусгав. Биоаюулгүй байдлын зуучлагч механизмын (BCH) үйл ажиллагааг сайжруулах шийдвэр нь мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн, шинэчлэгдсэн байдлыг хангахад чиглэв. Талууд хувиргасан амьд организмын импорт, байгальд гаргахтай холбоотой эцсийн шийдвэр болон эрсдэлийн үнэлгээний хураангуйг нийтлэх үүргээ хэрэгжүүлэх шаардлагатайг дахин санууллаа.

Мөн үндэсний мэдээллийг шинэчлэх сургалт, техникийн дэмжлэг, биоаюулгүй байдлын үндэсний цахим хуудасны загвар болон мэдээллийн сангуудын уялдааг хөгжүүлэхийг үргэлжлүүлэн дэмжив. Хувиргасан амьд организмыг илрүүлэх, таньж тодорхойлох чиглэлээр лабораторийн тогтвортой ажиллагаа, чанарын хяналт, мэргэжилтнүүдийн ур чадвар, бүс нутгийн лабораторийн сүлжээг бэхжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлнэ.

Сургалтын гарын авлагын холбогдох бүлгүүдэд digital sequencing аргачлалын мэдээллээр шинэчлэх, лаборатори, гааль болон хилийн хяналтын ажилтнуудад практик сургалт явуулах ажлыг үргэлжлүүлэхээр тусгасан байна.

Нийгэм, эдийн засгийн асуудлыг харгалзан үзэх тухай шийдвэрээр протоколын 26 дугаар зүйлийн хүрээнд хуримтлуулсан туршлага, хүндрэл, сайн практик, уугуул иргэд болон нутгийн иргэдийн оролцооны талаарх мэдээллийг BCH болон үндэсний зургаа дахь тайлангаар дамжуулан солилцохыг дэмжив. Холбогдох удирдамжийг сайн дурын үндсэн дээр ашиглах нөхцөлийг тодруулж, бүс нутгийн сургалт, туршлага солилцоо, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр болов.

Хариуцлага, хохирол барагдуулах тухай Нагоя–Куала Лумпурын нэмэлт протоколын хэрэгжилтийн хүрээнд түүнд нэгдээгүй Талуудыг нэгдэхийг уриаллаа. Эрх бүхий байгууллагын мэдээллийг BCH-д шинэчлэх, хохиролтой холбоотой санхүүгийн баталгааны арга хэмжээ болон иргэний эрх зүйн хариуцлагын дүрэм, журмыг хөгжүүлэхийг дэмжив. Нэмэлт протоколын хэрэгжилтийг бэхжүүлэхэд чадавх, санхүүгийн дэмжлэг шаардлагатай хэвээр байгааг онцгойлон анхааруулав.

Орчин үеийн биотехнологийн шинэ хөгжилтэй холбоотой үндэсний хууль тогтоомж, дүрэм, удирдамжийн тухай шийдвэрээр улс орнуудын зохицуулалтын талаарх шинэчилсэн мэдээллийг солилцож, дараагийн хуралд нэгтгэн танилцуулах ажлыг үргэлжлүүлэхээр тохирсон. Улс орнуудын эрх зүйн тогтолцоо, нөхцөл байдлаас шалтгаалан зохицуулалтын арга барил ялгаатай байж болохыг хүлээн зөвшөөрсөн. Харин Талуудын ирүүлсэн мэдээллийн чанарын талаар Хэрэгжилтийг хангах хорооны санал авах тухай заалтыг нэгдсэн хуралдаанаар хасаж, шийдвэрийг баталжээ.

Хурлын 10 дугаар сарын 26–30-ны хоёр дахь долоо хоногийн хувьд, 23-ны өдрийн хэлэлцүүлгийн явцаас үзэхэд Картагены протоколын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай хоёр гол асуудал үлдээд байна.

1.Хувиргасан амьд организмын эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн удирдлагын нэмэлт удирдамж боловсруулах асуудлаар зөвшилцөлд хүрэх шаардлагатай. Ямар сэдвийг тэргүүлэх чиглэл болгох, хэдэн удирдамж боловсруулах, шинжээчдийн түр бүлэг байгуулах эсэх, түүний чиг үүрэг, ажлын цар хүрээг хэрхэн тогтоох талаар санал зөрүүтэй хэвээр байна. Иймээс энэ хэлэлцүүлэг нь дараагийн хугацаанд улс орнуудын эрсдэлийн үнэлгээг шинжлэх ухааны ямар арга зүйн дэмжлэгээр хангахыг тодорхойлоход чиглэнэ. 2.Протоколын үр нөлөөний тав дахь үнэлгээ болон хэрэгжилт, чадавх бэхжүүлэх төлөвлөгөөний дунд хугацааны үнэлгээг хэлэлцэж дуусгах асуудал чухал байр суурь эзэлнэ. Хэлэлцэж буй төсөлд үндэсний зохицуулалт, хүний нөөц, лабораторийн чадавхын дутагдлыг арилгах, биоаюулгүй байдлыг үндэсний биологийн олон янз байдлын стратеги, төлөвлөгөөнд уялдуулах, техникийн хамтын ажиллагаа, санхүүгийн дэмжлэгийг сайжруулах асуудлыг тусган хэлэлцэж байгаа билээ.

Мэдээ бэлтгэсэн: Биоаюулгүй байдлын үндэсний зохицуулагч, Биологийн ухааны доктор С.Баярхүү