БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ШЭНЬ МИНЬЖУАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг өнөөдөр /2025.07.01/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломжуудын талаар санал солилцов.
Сайд Б.Батбаатар сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцааг эрчимтэй хөгжиж буйг дурдаж, өмнөх сайд нартай өрнүүлж ирсэн хамтын ажиллагаа тасалдахгүй, үргэлжлэн хэрэгжихийг онцлон тэмдэглэж, дараах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг зохион байгуулахад хамтарч ажиллах, , БНХАУ-ын2017 онд COP13 бага хурлыг зохион байгуулсан туршлагаас суралцах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх;
"Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын судалгааны төв"-ийг байгуулах ажлыг эрчимжүүлэх, энэ хүрээнд барилга байгууламж, бусад бэлтгэлийг хангуулахад хамтран ажиллах;
Түүнчлэн Замын-Үүдийн боомтод гацсан байсан борооны пуужин, хөөргөх удирдлагын төхөөрөмжийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд талархаж, хиймлээр бороо оруулж ажилласнаар Тужийн нарсан ой орчимд гарч буй түймрийг унтраахад чухал хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хилийн усны тогтвортой байдлыг хамгаалах, цөлжилт, шороон шуурганы асуудлыг хамтран шийдвэрлэхэд хоёр улсын хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэлээ.