БОУАӨЯ НОГООН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨРИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 тоот албан даалгаврын дагуу Төрийн банкийг Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн тусгайлсан чиг үүргээр шинэчлэн зохион байгуулах ажлууд хэрэгжиж байна.
Энэ ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Төрийн банк байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд БОУАӨЯ-наас ногоон хэрэглээг нэмэгдүүлэх бодлого, эрх зүйн орчин, бодит хөшүүргүүдийг үе шаттай бий болгож, төрийн ногоон худалдан авалтыг дэмжих, олон улсаас бага хүүтэй ногоон зээлийн эх үүсвэр бүрдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх бол Төрийн банкнаас байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, орчны бохирдол, доройтлыг бууруулахад чиглэсэн төсөл, үйл ажиллагааны ногоон санхүүжилт, ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ногоон технологийг нэвтрүүлж буй төслүүдийг дэмжих, зээл олголтод давуу талд тооцох, шуурхай шийдвэрлэх, зээлийн шалгууруудад ногоон үзүүлэлтүүд оруулах зэрэг ажлууд тусгагдсан.