БОУАӨЯ-НЫ САНАЛЫН ДАГУУ ТЭНГИС-ШИШГЭДИЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ДЭХ АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛЛАА

2026.06.09

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дахь Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд байрлах “Тэнгис гол” нэртэй талбайн ашиглалтын MV-012229 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцаллаа.

Уг ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2006 онд олгосон бөгөөд Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор тухайн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан ч лиценз хүчин төгөлдөр хэвээр үлдсэн байв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал ашиглах нь холбогдох хууль тогтоомжтой нийцэхгүй байгааг удаа дараа хөндөн тавьж, лицензийг цуцлах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэн ажилласан бөгөөд хамгийн сүүлд 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд "Өргөн цагаан нуур" ХХК-ний ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, шийдвэрлэж өгөх санал хүргүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр “Өргөн цагаан нуур” ХХК-ийн эзэмшиж байсан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчингүй болж, Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлох эрх зүйн зөрчил ариллаа.

Энэхүү шийдвэр нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэмийг хэрэгжүүлэх, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлд гарсан чухал үр дүн болж байна.