“ЦАХИМ ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ БЭХЖҮҮЛЭХ ЗАМААР ТОЙРОГ ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ НЬ” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025.07.01

“Creating a circular economy for electricals and electronics” буюу “Цахим хог хаягдлын менежментийг бэхжүүлэх замаар тойрог эдийн засгийг дэмжих нь” төслийн нээлтийн техникийн уулзалтыг өнөөдөр /2025.07.01/ зохион байгууллаа. Энэхүү төсөл нь Австрали Улсын буцалтгүй тусламжаар 2025-2026 онд Монгол болон Тайланд улсад хэрэгжихээр батлагдсан юм.

Төсөл НҮБ-ыг харъяа Олон улсын цахилгаан холбооны холбоо (ITU)-ны дэмжлэгтэйгээр БОУАӨЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран 2026 оны 2 дугаар сар хүртэл хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд Монгол Улсын цахилгаан, электроникийн хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдлын суурь түвшинг үнэлж, зохистой менежментийн талаарх бодлогын дэмжлэг, оролцогч талуудын зураглал, бодлого, хууль эрх зүйн зөвлөмжийг боловсруулах юм.

Нээлтийн арга хэмжээг БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх нээж үг хэлсэн бөгөөд уулзалтад БОУАӨЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Олон улсын цахилгаан холбооны холбоо, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, төслийн зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөө, хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.