ДЭД САЙД Б.МӨНХТАМИР “CHANGENOW2026” ЧУУЛГАНД ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД АНХААРЧ, ТӨВЛӨРӨХ ЦАГ ИРСНИЙГ ОНЦОЛСОН ИЛТГЭЛ ТАВИЛАА
Дэлхийн уур амьсгал, тогтвортой хөгжил, нийгмийн өөрчлөлтийн төлөөх Олон улсын хамгийн том, нөлөө бүхий чуулган болох “CHANGENOW 2026” Парис хотноо гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Эдгээр өдрүүдэд дэлхийн улс орнууд “Өөрчлөлтийг хийж, тогтвортой ногоон ирээдүйг бүтээе” уриан дор чуулж байгаа бөгөөд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, түншлэлийн хүрээг тэлэх, харилцан ашигтай санал, шийдлүүлээ танилцуулах зорилготой юм.
Уг чуулга уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамир панелистаар оролцож, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) хүрээнд Монгол Улсаас дэвшүүлж буй “Steppe Agenda” буюу Тал хээрийн төлөвлөгөө болон түүний хүрээнд олон улсад урт хугацаанд хэрэгжүүлэх гурван үндсэн төслийг танилцуулж, шинэ түншүүдийг татан оролцуулах ажлыг “ChangeNOW” чуулганы зохион байгуулагчидтай хамтран хэрэгжүүлж байна.
Тэрбээр цэвэр, сэргээгдэх эрчим хүч, биологийн олон янз байдлыг хамгаалах холбоод, байгаль хамгааллын олон улсын байгууллагууд, инновац хөгжүүлэгч старт-апууд, олон улсын аудит, үнэлгээний байгууллагуудтай уулзалт хийж, олон улс цөлжилт, газрын доройтлын асуудалд улам бүр анхаарал хандуулж, төвлөрөх цаг болсныг онцолсон илтгэл тавилаа.