ЭКОЛОГИЙН ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ГАЗРУУДЫГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВЧ, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИШИГ БИЙ БОЛГОХОД ОНЦГОЙ АНХААРНА
Монгол Улсын аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшил, олон улсын түншүүдийн нэгдсэн “TOURISM WEEK-2026” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Уг чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайд Ч.Ундрам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир, НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын Ази, Номхон Далайн Бүсийн Төлөөлөгчийн Газрын дарга Ноён Кацухиса Ишизаки болон бусад албаныхан оролцож байна.
“TOURISM WEEK-2026” үндэсний чуулган нь аялал жуулчлалын салбарын бодлого, хөгжил, салбарын тогтвортой өсөлтийг хангах, байгаль орчинд ээлтэй бодлогыг уялдуулах, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл хүргэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Дэд сайд Б.Мөнхтамир чуулганд оролцож, хэлсэн үгэндээ “Тогтвортой аялал жуулчлалын санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор БОУАӨЯ, ССАЖЯ, Монголын байгалийн өв сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон талт санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, тусгай хамгаалалттай газар нутгийн онцлог, өвөрмөц байдал, нутгийн иргэдийн зан заншил, амьдралын хэв маяг болон байгаль хамгааллын тусгай шаардлага, стандартад нийцсэн аялал жуулчлалын жишиг бий болгож, сурталчлахад чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэв.
Мөн БОУАӨЯ-аас экологийн хувьд чухал ач холбогдолтой газруудыг улсын тусгай хамгаалалтад авах зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд цаашид тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсчлэлд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах боломжит даац, нөөцийг тогтоож, байгаль орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалын жишиг хамгаалалттай газар нутагт нэг удаагийн хуванцрын хэрэглээг багасгах, хог хаягдлын менежментийг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байгааг хэллээ.
Түүнчлэн НҮБ-ын Конвенцын Талуудын 17-р бага хурал энэ онд “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 197 орны зочид төлөөлөгчид оролцох юм. Энэхүү арга хэмжээний бэлтгэл ажил ид өрнөж буй энэ үед “TOURISM WEEK-2026” үндэсний чуулган зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон, чухал алхам болж байгааг дурьдаад БОУАӨЯ-ны зүгээс аялал жуулчлалыг дэмжих үүднээс дэлхийн бусад улс орнуудад амжилттай хэрэгжиж буй сайн арга туршлагыг хэрэгжүүлэхэд холбогдох газруудтай нягт уялдаа холбоотой, тууштай хамтран ажиллана гэдгийг онцоллоо.