ГЕНЕТИК НӨӨЦИЙН АШИГЛАЛТААС БИЙ БОЛОХ ҮР ШИМИЙГ ХУВААРИЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2026.11.04

ГЕНЕТИК НӨӨЦИЙН АШИГЛАЛТААС БИЙ БОЛОХ ҮР ШИМИЙГ ХУВААРИЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар хэрэгжиж буй төслийн хүрээнд Нагояагийн протоколын хэрэгжилтийн гарын авлага болон “Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөрийн тухай” хуулийн төслийн үр нөлөөний судалгааны үр дүнг танилцуулах, хэлэлцүүлэх уулзалт боллоо.

Уулзалт, хэлэлцүүлэгт холбогдох төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль болон бусад оролцогч талуудын төлөөлөл оролцож, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалт, тэдгээрийн ашиглалтаас бий болох үр шимийг шударга, эрх тэгш хуваарилах үндэсний тогтолцоог бэхжүүлэх асуудлаар санал солилцов.

Энэ хүрээнд зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлгээр дараах хоёр үндсэн асуудлыг авч хэлэлцэв.

Нэгдүгээрт, Нагояагийн протоколын хэрэгжилтийн гарын авлагын төслийг танилцуулж, хэлэлцүүлэв.

Гарын авлагад генетик нөөц болон түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хүртээмж, ашиглалт, үр шимийн хуваарилалтын талаарх олон улсын болон үндэсний эрх зүйн зохицуулалт, зөвшөөрөл олгох үйл явц, холбогдох байгууллагуудын чиг үүрэг, судалгаа, ашиглалтын практик жишээг тусгасан байна.

Энэхүү гарын авлага нь төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид болон аж ахуйн нэгжүүдэд генетик нөөцийн ашиглалттай холбоотой хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Хоёрдугаарт, “Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөрийн тухай” хуулийн төслийн үр нөлөөний судалгааны үр дүнг хэлэлцэв.

Хэлэлцүүлгээр генетик нөөцийн ашиглалтаас бий болох үр шимийг хуваарилах эрх зүйн зохицуулалт, төлбөрийн тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үүсэж болзошгүй хүндрэл, байгууллага хоорондын зохицуулалт болон хэрэгжилтийг хангах асуудлуудыг авч үзлээ.

Түүнчлэн генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, ашиглах зөвшөөрлийн тогтолцоо, генетик нөөцийг гадаадын байгууллагатай хамтран судлах болон шилжүүлэхтэй холбоотой зохицуулалт, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах үеийн үр шимийн хуваарилалт зэрэг асуудлаар оролцогч талууд санал солилцов.

Уулзалт, хэлэлцүүлэг нь Нагояагийн протоколын хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр оролцогч талуудын санал, зөвлөмжийг нэгтгэх, төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага болон бусад оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Цаашид хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, зөвлөмжийг гарын авлагын эцсийн хувилбар, хуулийн төслийн үр нөлөөний судалгаа, холбогдох дүрэм, журмыг боловсронгуй болгох ажилд тусгаж, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалт, үр шимийн шударга, эрх тэгш хуваарилалтын эрх зүйн болон институцийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Уг арга хэмжээг Даян дэлхийн байгаль орчны сан (GEF), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Нагояагийн протоколын үндэсний анхдугаар тайланг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд зохион байгууллаа.