КАРБОН ЗАХ ЗЭЭЛИЙН “ӨНӨӨГИЙН АХИЦ БА ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд карбон зах зээлийн чиглэлээр үндэсний чадавхыг бэхжүүлэх хоёр өдрийн сургалт 2026 оны зургаадугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Сургалтыг нээж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр үг хэллээ. “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төсөл Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй энэ цаг үед тус сургалт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй хангахад оролцогч талуудын мэдлэг, ур чадвар, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг онцлов.
Монгол Улс Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх хүрээнд “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт 3.0”-д хүлэмжийн хийн ялгарлыг 2035 он гэхэд бизнесийн ердийн нөхцөлтэй харьцуулахад 30.3 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ногоон санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг бий болгох, олон улсын карбон зах зээлд үр дүнтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
Монгол Улс карбон зах зээлийн бэлэн байдлыг хангах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарган ажиллаж байна. Тухайлбал, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд дөрвөн улсын Засгийн газартай хоёр талт хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулснаар олон улсын карбон зах зээлд оролцох боломж, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлээд байна.
Сургалтын үеэр “Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжилтийн явц, хүрсэн үр дүн, цаашдын төлөвлөгөөг танилцуулахын зэрэгцээ карбон зах зээлийн зохицуулалтын орчин, үйл ажиллагааны удирдамжийн төсөл, нүүрстөрөгчийн бүртгэлийн системийн техник, эдийн засгийн үндэслэл, хувийн хэвшлийн оролцооны боломж зэрэг сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төв оффисын Карбон зах зээлийн багийн удирдагч, олон улсын шинжээч Летисиа Гимараес Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйл, олон улсын карбон зах зээлийн хөгжил, өндөр чанартай карбон зах зээлийн тогтолцоо, төсөл боловсруулах арга зүйн талаар ахисан түвшний техникийн сургалт зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь карбон зах зээлийн талаарх оролцогч талуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил болон хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид Монгол Улсын олон улсын карбон зах зээлд оролцох бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой юм.