МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ЧАДАВХЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ БАГИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА
Дэлхийн Мал, Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага (ДМАЭМБ)-аас мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхын үнэлгээ хийх шинжээчдийн баг 2025 оны 09 дүгээр сарын 07- 20-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.
Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Золбаяр, Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням нар Үнэлгээний багийн ахлагч Руперто Викторияно Гонгора, ДМАЭМБ-ын хүнсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх Силвие Коулон, МЭЕГ-ын Мал эмнэлгийн хяналт баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх, холбогдох бусад албан хаагчдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар мал, амьтны эрүүл мэндийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, “Нэг эрүүл мэнд” олон улсын санаачилгыг салбарын бодлого төлөвлөлттэй уялдуулах, салбар хоорондын уялдааг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллах тухай харилцан санал солилцлоо.
Түүнчлэн зэрлэг амьтны өвчлөлийн тандалт, мониторинг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой төлөвлөх, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх (малын эмчийн мэргэжлээр бэлтгэгдсэн боловсон хүчнийг нэмэлт мэргэшүүлэх сургалтад хамруулах) чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.