МОНГОЛ, ГЕРМАН УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЭВ

2025.10.27

Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны ээлжит хэлэлцээ Улаанбаатар хотод болох гэж байгаатай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр тэргүүтэй албаны төлөөлөгчид Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ), Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Хөгжлийн банк (KfW), Холбооны Гео-шинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн (BGR)-ийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Монгол орны байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс гадна ой болон байгалийн нөөцийн тогтвортой менежментийн хүрээнд олон жилийн амжилттай хамтын ажиллагаатай болохоо талууд нотлохын зэрэгцээ, харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх, гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглэсэн уулзалт болов.

Уулзалтын эхэнд ТНБД Ш.Батбаяр хоёр орны ЗГ-ын хамтын ажиллагааны том байр суурийг байгаль орчны салбар эзэлдэг болохыг онцлоод салбарын хууль тогтоомж, бичиг баримтуудыг шинэчлэн боловсруулах ажилд дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийллээ.

Мөн талууд 2030 он хүртэлх Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтуудыг хамтран хэрэгжүүлэхдээ хувийн хэвшилийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарахаар тохиролцов.

Уулзалтын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны зүгээс энэ сарын 30-ны өдөр болох Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны ээлжит хэлэлцээний хүрээнд Олон зорилтот ойн тооллогын төслийг дахин эхлүүлэх болон тогтвортой үйлдвэрлэл хэрэглээний зарчмыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр ихээхэн оруулах “Өргөтгөсөн үйлдвэрлэгчдийн хариуцлага”-ын дэлхийн хамтын ажиллагааны түншлэлийг дэмжих зэрэг саналуудыг илэрхийллээ.

Дээрх уулзалт нь Монгол, Германы байгаль орчны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хоёр улсын түншлэлийг гүнзгийрүүлэх ажил хэрэгч уулзалт боллоо.