МОНГОЛ УЛС “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г ПЕТЕРСБЕРГИЙН УУР АМЬСГАЛЫН 17 ДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ТАНИЛЦУУЛЛАА
Петерсбергийн Уур амьсгалын 17 дугаар хэлэлцүүлэг 2026 оны 4 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн арга хэмжээнд дэлхийн 40 гаруй улсын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан сайд нар оролцож, дэлхий дахинаа тулгамдаад буй уур амьсгал, хүрээлэн буй орчны асуудлаар санал солилцож, бодлогын түвшинд хэлэлцүүлэг өрнүүлснээрээ онцлог байлаа.
Тус хэлэлцүүлэг нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенц (UNFCCC)-ын Талуудын бага хурлын өмнөхөн зохион байгуулагддаг бөгөөд улс орнуудын байр суурийг ойртуулах, олон талт итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх стратегийн чухал уулзалт юм.
Хэлэлцүүлгийн үеэр БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын алдагдал нь салангид бус, харилцан уялдаатай сорилтууд болохыг онцолж, эдгээрийг нэгдсэн уялдаа холбоотой байдлаар шийдвэрлэх шаардлагатай гэлээ.
Түүнчлэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын 17 дугаар Талуудын бага хурал (COP17)-ыг зохион байгуулагч улсын хувиар “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцууллаа.
“Тал хээрийн төлөвлөгөө” нь бэлчээрийн тогтвортой менежмент, ус-газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийг уялдуулсан нэгдсэн платформ болох юм.
Мөн “Уур амьсгалын санхүүжилтийн асуудлаарх зөвлөлдөх уулзалт”-д байгаль орчинд оруулах санхүүжилтийг зөвхөн нэмэгдүүлэхээс илүүтэй чанарын хувьд хүртээмжтэй, уян хатан, бодит хэрэгжилтэд тохиромжтой болгох шаардлагатайг онцлож, хөгжиж буй орнуудын хэрэгцээ, нөхцөлд нийцсэн санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх нь туйлын чухал гэдэг байр суурийг тэрбээр илэрхийллээ.