НАГОЯАГИЙН ПРОТОКОЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН АНХДУГААР ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

2026.05.15

“Биологийн олон янз байдлын конвенцын Нагояагийн протоколын хэрэгжилтийн анхдугаар тайлан”-гийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.05.15) Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол Улсын Их сургууль, Даян дэлхийн байгаль орчны сан (GEF) хамтран зохион байгууллаа.

Монгол Улс 1993 онд Биологийн олон янз байдлын тухай конвенцод, 2013 онд Нагояагийн протоколд нэгдэн орсноор генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалт, үр шимийн шударга хуваарилалтын чиглэлээр олон улсын өмнө үүрэг хүлээсэн байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд Нагояагийн протоколын хэрэгжилтийн анхдугаар тайланг танилцуулан, хэлэлцүүллээ.

Арга хэмжээнд генетик, биотехнологийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, инновацын бүтээгдэхүүн хөгжүүлдэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, генийн дэд сангуудыг хариуцан ажиллуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд Нагояагийн протоколын хэрэгжилтийн анхдугаар тайланг танилцууллаа. Үргэлжүүлэн Монгол Улсад генетик нөөц болон түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хамгаалах, зохистой ашиглах, үр шимийг шударгаар хуваарилах асуудал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэв.

Оролцогчид генетик нөөц нь зөвхөн байгалийн баялаг бус, шинжлэх ухаан, эрүүл мэнд, инновац, эдийн засгийн хөгжлийн шинэ боломжуудын үндэс суурь болохыг онцолж, Монгол Улс өвөрмөц экосистем, биологийн олон янз байдал, уламжлалт мэдлэгийн баялаг өвөөрөө дэлхийд өрсөлдөхүйц давуу талтайг тэмдэглэв. Мөн Монгол Улсын генетик нөөцийн өнөөгийн байдал, хамгаалалт, ашиглалт, тулгамдсан асуудал, бодлогын чиглэл, мөн үр шимийн шударга хуваарилалтын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээг онцоллоо.

Энэхүү хэлэлцүүлэг нь Нагояагийн протоколын хэрэгжилтийг эрчимжүүлэх, генетик нөөцийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.