НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ БОЛОВСРУУЛАХ АСУУДЛААР ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзан, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар нийгмийн нөлөөллийн үнэлгээг байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй уялдуулан хэрэгжүүлэх аргачлал боловсруулах, төслийн нийгэмд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийг бодитой үнэлэх, орон нутгийн иргэдийн эрх ашиг, амьжиргаа, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн болон соёлын өвд үзүүлэх нөлөөллийг үнэлгээнд тусгах талаар хэлэлцэв.
Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр шинэчилсэн зохицуулалтаар үнэлгээг төслийн эрсдэлийн түвшин, үйл ажиллагааны эрчим, цар хүрээнд нь нийцүүлэн зэрэглэх, орон нутгийн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, төсөл хэрэгжүүлэх хугацааг богиносгох нөхцөл бүрдсэнийг онцоллоо.
Мөн Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй цахим засаглалын төслийн хүрээнд байгаль орчны үнэлгээний үйл явцыг цахимжуулах, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүсэлт, шийдвэрлэлтийн явцыг цахимаар хянах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг тэмдэглэв.
БОУАӨЯ нь Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн багтай 2023 оноос хамтран ажиллаж ирсэн бөгөөд техникийн туслалцаа, мэргэжлийн дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.
Цаашид нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, танхимын болон дадлага сургалтыг хослуулсан сургалтын модуль боловсруулах, уг модулийг Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн стандарт болон олон улсын сайн туршлагатай нийцүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов.