НООС НООЛУУР, АРЬС ШИРНИЙ САЛБАРТ ХИМИЙН ХОРТОЙ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээн дэх химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах зорилготой төслийн нээлт (2026.04.09) өнөөдөр боллоо.
Төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлнэ. Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий оролцож, Химийн бодисын бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Л.Батзориг БОУАӨЯ-наас химийн бодисын талаар баримталж байгаа бодлого, хэрэгжилт талаар мэдээлэл өглөө.
Энэхүү төсөл нь 72 сарын хугацаанд найман улсад хэрэгжих уг төсөл нь олон улсын байгаль орчны хөтөлбөрийн нэг хэсэг юм. Монгол Улсад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Хөвсгөл, Өвөрхангай аймагт хэрэгжинэ. Төслийн хүрээнд нийлүүлэлтийн сүлжээн дэх аюултай химийн бодисын хэрэглээг бууруулж, тойрог эдийн засагт суурилсан тогтвортой үйлдвэрлэлийг дэмжинэ. Ингэснээр байгаль орчин болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ач холбогдолтой.
Мөн ноос, ноолуур, арьс ширний салбараас үүсэж буй хаягдлыг бууруулах, дахин ашиглах шийдлийг 9R зарчмын дагуу нэвтрүүлэх юм. 2026 онд химийн хорт болон аюултай бодисын тооллого хийж, амьдралын мөчлөгийн үнэлгээг эхлүүлнэ.
Төслийн үр дүнд 573,875 тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцэх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, мөн удаан задардаг органик бохирдуулагч бодисын хэрэглээг бууруулах зорилт дэвшүүлээд байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсын нэгдэн орсон Стокгольмын конвенцын хэрэгжилтийг хангахад чухал дэмжлэг үзүүлэх бөгөөд суурь судалгаа, нөлөөллийн ажил, сургалт, чадавхжуулах үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.