НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2025.01.21

Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх салбар дундын хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.01.21/ боллоо.

Байгаль орчин, уур амьсгалын яам, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран зохион байгуулж байгаа арга хэмжээ нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Засгийн газрын 2019 оны 407 дугаар тогтоолоор батлагдсан “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр төрийн байгууллагууд, бодлого тодорхойлогчдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэж байгаа юм.

Энэхүү “Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх нь” сэдэвт салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгуулахад Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулах төсөл дэмжлэг үзүүлэн ажиллаа.