САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

2024.09.30

Байгаль орчин уур, амьсгалын өөрчлөлтийн сайдын шуурхай боллоо. Шуурхай хуралдаанд яамны орон тооны болон орон тооны бус зөвлөхүүд Төрийн бичгийн дарга, газар хэлтсийн дарга нар оролцлоо.

Шуурхай хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон холбогдох албаныхан энэ сард Өмнөговь, Дундговь, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад ажилласан тайланг танилцууллаа. Улмаар албан томилолтоос гарсан үүрэг даалгаврын биелэлтэд анхаарч ажиллахыг холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.

60 САЯ ДАХЬ МОД ТАРИХ АРГА ХЭМЖЭЭГ АРАВДУГААР САРЫН 5-НД ЗОХИОН БАЙГУУЛНА

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд мод тарьж, арчлан ургуулах арга хэмжээг энэ сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ныг дуустал зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд аравдугаар сарын 5-ны өдөр 60 сая дахь мод тарих арга хэмжээг зохион байгуулах тухай Ойн газрын дарга Б.Оюунсанаа Шуурхай хуралдааны үеэр мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын хэмжээнд ирэх аравдугаар сарын 5-аас эхлэн доор дурдсан 10 байршилд мод тарих ажлыг зохион байгуулна.

Байршил:

1. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн

2. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас.

3. Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”.

4. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”.

5. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”.

6. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”.

7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам.

8. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"

9. Богд хаан уул ДЦГ -Уул уурхайн байгууллагууд

10. Тэрбум мод сан

Тухайн байршлуудад ажиллах хөтөч, мэргэжилтнүүд мод тарих арга хэмжээнд оролцогчдыг угтан авч, доор дурдсан чиглэлийн дагуу ажиллана.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Өнөөдрийн шуурхай хуралдааны үеэр Салбарын хяналтын газраас улсын хэмжээнд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус , урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд байгаль орчны багц хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байгаа талаар газрын дарга мэдээлэл хийлээ.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт явуулахад 2024 оны 09 дүгээр сарын байдлаар байгаль орчныг хамгаалах үүргээ хангалтгүй биелүүлж зөрчил гаргасан 117 аж ахуйн нэгжид 448.800.000 төгрөгийн торгох шийтгэл, 2.565.960.000 төгрөгийн байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр оногдуулж, улсын байцаагчийн 164 заалт бүхий 117 албан даалгавараар зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж, 19 аж ахуйн нэгжид эрх хязгаарлах арга хэмжээ авч 4 аж ахуйн нэгжид албадлагын арга хэмжээ авхуулахаар шүүхэд шилжүүлээд байгаа аж.

Мөн Салбарын ерөнхий байцаагчийн баталсан 01/09 дугаартай удирдамжийн дагуу улсын хэмжээнд Геологи, уул уурхай, авто замны өргөтгөл, шинэчлэлтийн үйл ажиллагаанаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг явуулж байгаа бөгөөд улсын хэмжээд уул уурхайн олборлолт болон автозам, барилгын үйл ажиллагаанд ашиглахаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй 64 аж ахуйн нэгж 192 га талбайд биологийн нөхөн сэргээлт, 452 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгдэж эхэлжээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ 31.7 га буюу 7 хувиар нэмэгдэж, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ 4.2 га буюу 2.1 хувиар нэмэгдсэн дүн гэдгийг газрын дарга онцоллоо.

Уул уурхайн аж ахуйн нэгж байгууллагуудын байгаль орчныг хамгаалах үүрэг, нөхөн сэргээлтийн байдалд байгаль орчны салбарын хяналт шалгалт үргэлжлэн хийгдэж байгаа аж.

ᠬᠤᠤᠳᠠᠰᠤ ᠨᠤᠭᠤᠳ