СОР17 хурлын үндсэн үйл ажиллагааг зохион байгуулах байршилд ажиллалаа
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах хүрээнд Бэлтгэл ажлыг хангах үндэсний хороо байгуулагдсан. Энэхүү хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар ахалж буй. Өнөөдөр тус үндэсний хорооныхон СОР17 хурлын үндсэн үйл ажиллагааг зохион байгуулах байршилд ажиллалаа. НИТХ-ын тогтоолоор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг " "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын эзэмшил газарт зохион байгуулахаар баталсан юм.
Энэ байршилд бүтээн байгуулалт ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа талаар COP17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ОНӨААТҮГ-ын захирал Б.Баттулга "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 920 га талбайгаас СОР17 үндсэн арга хэмжээ болох бүтээн байгуулалт хийх талбай нь 29,9 га, үүнээс барилгажих талбай нь 5.6 га байна. Нийт 930 машины автозогсоол, 20 түр байгууламж барина. Автозам, барилгын ажлыг энэ жилдээ эхлүүлнэ. Инженерийн шугам сүлжээ, ус, мэдээлэл холбооны сувагчлалын ажил төлөвлөгөөний дагуу эхлээд явж байна" гэлээ.
Мөн зочид төлөөлөгчдийг хүлээн авах, зохион байгуулагчдын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхтэй холбоотой бэлтгэл ажил хэрхэн хийгдэж байгаа талаар БОУАӨ-ийн сайдын Зөвлөх Д. Батмөнх, Бэлтгэл ажлын албаны хэлтсийн дарга Д.Ариунтуяа нар Б.Батбаатар сайдад танилцуулж, зарим асуудлаар санал солилцлоо.