#СОР17 ЗАЛУУЧУУДЫН ЗАГВАР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг угтан СОР17 Залуучуудын үндэсний анхдугаар загвар хуралдаан өнөөдөр /2026.03.04/ эхэллээ.
Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамир, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Софи Уоррал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао, МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг болон бусад төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү хурал нь байгаль орчны асуудлууд болон конвенцын шийдвэр гаргах дээд арга хэмжээ болох СО17-ын ач холбогдлыг залуучуудад ойлгуулах, олон улсын хэлэлцээрийн үйл ажиллагаанд оролцох, Монголын залуучуудын дуу хоолойг олон улсын тавцанд хүргэх чадвахийг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх арга хэмжээ юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамир хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсад СОР17 хурлыг зохион байгуулах нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх бодит туршлага, нүүдлийн мал аж ахуй, бэлчээрийн менежментийн онцлог, шийдлээ дэлхий нийтэд танилцуулах боломж төдийгүй уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын доройтлын асуудлыг нэгдсэн байдлаар авч үзэх дэлхийн хэлэлцээрийн чухал үе шат болох бөгөөд Монгол Улс уг хэлэлцээрт манлайлах маш том боломж гэдгийг онцоллоо. Мөн энэхүү хурлаас боловсруулсан санал, уриалга нь зөвхөн загвар хуралдааны баримт бичиг бус Монгол Улсын залуучуудын байр суурийг илэрхийлэх дуу хоолой болохоос гадна СОР17-ийн бодит үр дүнд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Загвар хуралдаан нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд энэ үеэр:
“Газрын доройтол ба цөлжилтийн асуудлыг тодорхойлж хэлэлцээ хийх нь” сэдэвт сургалт
Санхүү ба ногоон эдийн засаг, бэлчээр ба ус, нөхөн сэргээлт ба технологи, нийгмийн тэсвэртэй байдал зэрэг чиглэлээр хэлэлцээний бүлгүүдийн хуралдаан
Төлөөлөгч орнуудын загвар хэлэлцээ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний туршлагаас хуваалцах семинар
Залуу судлаачдын судалгааны илтгэлүүд зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах юм.