ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.БАТТУЛГА БАЙНГЫН ХОРООДЫН ХАМТАРСАН ХУРАЛДААНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УСАН ХАНГАМЖ, УС АШИГЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Үйлдвэрлэлийн усан хангамж, ус ашиглалтын өнөөгийн байдал, чиг хандлагын талаар Засгийн газрын мэдээллийг сонслоо.
Байнгын хороодын хамтарсан хуралдаанд үйлдвэрлэлийн усан хангамж, ус ашиглалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ, манай улс 2021 онд нийт 594.8 сая.м3/ жил, 2022 онд 606.2 сая.м3/ жил, 2023 онд 679.1 сая.м3/жил, 2024 оны урьдчилсан дүнгээр 618 сая.м3/жил ус ашигласан тухай танилцуулаад, ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувь, уул уурхайн салбар 26.1 хувь, хүн амын унд ахуй 14.5 хувь, эрчим хүчний салбар 5.8 хувь, үйлдвэр, ахуйн үйлчилгээний салбар 5 хувийг тус тус эзэлж байгааг дурдав.
Ус, рашааны нөөц ашигласны төлбөр 2021 онд 48.1 тэрбум, 2022 онд 50.9 тэрбум, 2023 онд 85 тэрбум, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 74.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн бол Байгалийн нөөц ашигласны төлбөр (БНАТ) буюу газар, ус, ой, ан амьтан, ургамлын нөөц ашигласны төлбөр 2020-2023 онд нийт 882 тэрбум төгрөг аймаг, сумдын төсөвт оржээ. Усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг ашигт малтмал олборлох, зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулах, архи, пиво, согтууруулах ундаа үйлдвэрлэхэд гадаргын усанд 10 хувь байсныг 25 хувь, газрын доорх усанд 20 хувь байсныг 35 хувь болгож, Засгийн газрын 2022 оны 416 дугаар тогтоолоор нэмэгдүүлсэн байна. Харин унд, ахуйн зориулалтаар усны эрдэсжилт хатуулгыг цэнгэгжүүлж, зөөлрүүлэн ашигласан усны төлбөрийг гадаргын болон газрын доорх усанд тус тус 50 хувь, ан амьтан хамгаалах, өсгөн үржүүлэх, нутагшуулах зориулалтаар ашигласан усанд 100 хувь, цас бороо, үерийн усыг хуримтлуулж мал аж ахуй, газар тариалангийн зориулалтаар ашигласан тохиолдолд мөн 100 хувь чөлөөлж байгаа ажээ. Мөн БНАТ-ийн хувиар тооцох байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг 2023 онд 54.3 тэрбум төгрөг баталснаас 41.2 тэрбум төгрөгийг гүйцэтгэлтэй гарсан байна.
Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа өмнөд говийн бүсэд усыг хэмнэлттэй ашиглах шинэ, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, дахин ашиглах, хур тунадасны, уурхайн шүүрлийн болон ахуйн цэвэршүүлсэн усыг эргэн ашиглах, зарим томоохон голуудад урсцын тохируулга хийж хуримтлуулж, шилжүүлэн ашиглах зэрэг менежментийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгамдаж буйг Төрийн нарийн бичгийн дарга танилцуулгадаа дурдаж, цаашид улам бүр өсөх усны эрэлтийг хангахын тулд салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг онцлов.