ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.БАТТУЛГА ОУ-ЫН БААВГАЙ СУДЛАЛЫН 28 ДАХЬ ХУРАЛД ОРОЛЦЛОО
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2024 оныг "Мазаалай баавгайг хамгаалах жил" болгон зарласан. Энэ хүрээнд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Канад улсын Алберта мужийн Эдмонтон хотод зохион байгуулагдсан Олон улсын баавгай судлалын 28 дахь удаагийн хуралд оролцлоо. Энэ удаагийн хурал нь “Co-existing with Bears on Dynamic Landscapes” сэдвийн хүрээнд зохиогдсон юм.
Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Олон улсын баавгай судлал, менежментийн холбооны ерөнхийлөгч John Hechtel, хурлын даргалагч Gordon Stenhouse нартай уулзалт хийсэн байна. Уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан багийн хамгийн сүүлийн генетикийн судалгаагаар 53 бодгаль тоологдоод буй говийн мазаалай баавгайн хамгаалал болон эрдэм шинжилгээ, судалгааны ажилд олон улсын баавгай судлаачдын анхаарлыг хандуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан байна.
Мөн Олон улсын баавгай судлалын хурлыг эсвэл бүс нутгийн хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсад зохион байгуулах саналыг Төрийн нарийн бичгийн дарга танилцуулжээ.
Уулзалтын үеэр Монгол Улс мазаалай баавгай хамгааллын асуудалд онцгой ач холбогдол өгч, тархац нутгийг нь улсын тусгай хамгаалалтад авч, амьдрах орчинд нь уст цэгүүд шинээр гаргаж, тэжээлийн цэгүүдийг тогтвортой байлгаж, хөрш оронтой хамтарсан ажиглалт мониторингийг хийж байгааг талаар онцолсон байна.
Түүнчлэн мазаалай хамгаалалд олон нийтийн оролцоог хангах, мэдээлэл сурталчилгаа явуулах, хууль бус агнуураас сэргийлэх чиглэлд ахиц гарч буйг дурдаад Монгол Улсын энэхүү хүчин чармайлтыг бодит үр дүнд хүргэхэд олон улсын баавгай судлаачдын оролцоо, баавгай хамгааллын байгууллагуудын дэмжлэг шаардлагатай байгааг дурьджээ
Олон улсын баавгай судлал, менежментийн холбоо нь 1968 онд байгуулагдсан бөгөөд дэлхий дээрх 8 зүйл баавгайн хамгаалал, судалгаа, менежмент хийдэг байгууллага юм.