“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХУРДАСГУУР” ЦОГЦ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр дүнтэй байдлыг сайжруулах, урт хугацааны чадавхыг бэхжүүлэх, жишиг тусгай хамгаалалттай газар нутгийг хөгжүүлэхэд шаардлагатай цогц дэмжлэгийг техникийн туслалцаа, грант, захиргаад хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар үзүүлэх, “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” цогц хөтөлбөр өнөөдөр (2026.05.22) албан ёсоор нээлтээ хийлээ.
Тус хөтөлбөр нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэ Нэйче Консерванси (TNC), Монголын Байгалийн Өв Сангийн хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна.
Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, дэд сайд Б.Мөнхтамир, Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо болон салбарын төлөөлөл оролцож, хөтөлбөрийн ач холбогдол, зорилтын талаар байр сууриа илэрхийллээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж буй энэ цаг үед хуулийн үзэл баримтлалд тусгагдсан үр дүнд суурилсан менежмент, тогтвортой санхүүжилт, орон нутгийн оролцоо, хамтын менежмент зэрэг шинэ арга барилыг бодит хэрэгжилтийн түвшинд туршиж, жишиг загвар болгон хөгжүүлэхэд тус хөтөлбөр чухал ач холбогдолтойг онцоллоо.
Мөн Монголын Байгалийн Өв Сангаас зарласан тус хөтөлбөрт өргөдөл гаргах боломжтой нийт 40 хамгаалалтын захиргаанаас 36 нь грантын санал ирүүлсэн нь хөтөлбөрийн хэрэгцээ, ач холбогдол өндөр байгаагийн зэрэгцээ сонгон шалгаруулалт өрсөлдөөнтэй явагдсаныг харуулж байна гэдгийг тодотгож, цаашид төр, олон улсын байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн хамтын ажиллагаанд тулгуурлан Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг олон улсын сайн туршлагад нийцүүлэн хөгжүүлж, байгаль хамгааллын бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо хэлэхдээ, тусгай хамгаалалттай газар нутгийн урт хугацааны тогтвортой менежментийг бий болгоход төр, орон нутаг, нутгийн иргэд, хувийн хэвшил болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглээд, хөтөлбөрийн хүрээнд нийт 16.5 тэрбум төгрөгийн грантын санхүүжилт олгохоор шийдвэрлэснээ мэдэгдлээ.
Түүнчлэн цаашид нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг дэмжих тусгайлсан грантын хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцлон тэмдэглэсэн юм.
“ТХГН-ийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд хамгаалалтын захиргаадын менежментийг дэмжих зорилгоор нийт 16.5 тэрбум хүртэлх төгрөгийн грантын санхүүжилт олгох бөгөөд нэг захиргаа 3 тэрбум хүртэлх төгрөгийн дэмжлэг авах боломжтой.
Сонгон шалгаруулалтыг ил тод, олон талын оролцоонд тулгуурлан зохион байгуулж, техникийн үнэлгээг төр, мэргэжлийн болон түнш байгууллагуудын төлөөлөл бүхий 7 шинжээчээс бүрдсэн хороо гүйцэтгэсэн бөгөөд шалгарсан хамгаалалтын захиргаадыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам албан ёсоор дэмжиж, баталгаажуулжээ.
Монгол орны экологийн бүс бүслүүрийн төлөөлөл бүхий дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар зэрэг ТХГН-ийн бүх ангиллаас сонгогдсон 15 хамгаалалтын захиргаа...
1. Ачит нуур-Дэвэлийн арлын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
2. Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа
3. Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
4. Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа
5. Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа
6. Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа
7. Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа
8. Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
9. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа
10. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа
11. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа
12. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа
13. Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
14. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа
15. Хурх хүйтний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа