ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ЗАМЫН ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) замын зураг боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй 8 цуврал хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Энэ дагуу “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, өргөтгөл” сэдвээр 4 дэх хэлэлцүүлгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулж, The Nature Conservancy (TNC) байгууллагын ахлах эрдэмтэн Жосеф Кисекер, шинжлэх ухааны ажилтан Майкл Хайнер болон төрийн болон төрийн бус байгууллага, судалгааны хүрээлэнгийн төлөөллүүд оролцов. Хэлэлцүүлгээр ТХГН-ийн хэмжээг 30 хувьд хүргэх боломжит хувилбарууд, экологийн өндөр ач холбогдолтой газар нутгийг хамгаалалтад авах асуудлыг хэлэлцлээ.
Харин “ТХГН дахь аялал жуулчлал, дэд бүтэц” сэдвийн хүрээнд 5 дахь хэлэлцүүлгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ТХГН-ийн хамгаалалтын захиргаад, GIZ болон аялал жуулчлалын холбоод, тур операторуудын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнээр оролцлоо.
Хэлэлцүүлгүүдийн үеэр ТХГН-т аялал жуулчлалын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, бүсчлэлд суурилсан зөвшөөрөгдөх үйл ажиллагааг тодорхойлох, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр бодлогын санал, зөвлөмжийг нээлттэй хэлэлцэв. Мөн ТХГН-ийн нөөц даацыг үнэлэх арга зүйг тодорхойлох, аялал жуулчлалын бүсүүдтэй менежментийг уялдуулах, зочдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх асуудлыг онцлон авч үзлээ.
Цуврал хэлэлцүүлгүүд нь ТХГН-ийн замын зургийг шинжлэх ухаанд суурилсан, оролцогч талуудын саналд тулгуурлан боловсруулахад чухал ач холбогдолтой юм.