БОУАӨЯ-аас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах  арга хэмжээг эрчимжүүлэх тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүллээ

2024.12.09

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн санаачилгаар тус яамнаас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдамжаар хангах, сайн туршлага хуваалцах, салбар хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор агаарын бохирдлын талаар судалгаа хийдэг судлаач, төрийн байгууллагын төлөөллийг хамруулан Агаарын бохирдлын талаар зөвлөлдөх уулзалтыг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан.

Мөн Улаанбаатар хот болон аймгийн төвийн агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах, иргэддээ утаагүй цэлмэг тэнгэрийн дор амьдарч аж төрөх боломж олгох зорилгоор байгуулагдсан “Цэлмэг тэнгэр” санаачилгын багийн эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд эхний ээлжид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга замын талаар судалгаа хийж, 2024-2030 онд хэрэгжүүлэх тодорхой саналуудыг дэвшүүлсэн баримт бичгийг боловсруулсан.

Дээрх уулзалтаас судлаачдын гаргасан санал, “Цэлмэг тэнгэр” санаачилгын хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хүргүүлсэн өнгөрсөн долоо хоногт хүргүүллээ.

Нэгдүгээрт,  Дараах арга хэмжээг богино, дунд, урт хугацаанд төлөвлөж хэрэгжүүлэх:

1.1.       Богино хугацаанд:

1.1.1.   Автотээврийн хэрэгслээс үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд эхний ээлжинд нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслийг экологийн өндөр ангиллын К5 (Евро-5) стандартын шатахууны хэрэглээнд шилжүүлэх;

1.1.2.   Байгаль орчинд ээлтэй бүрэн цахилгаан автомашины хэрэглээг дэлхийн чиг хандлагатай уялдуулан 2030 онд 25-30%-д хүргэх бодлогын зорилтын хүрээнд Улаанбаатар хотод түргэн цэнэглэгч станцын сүлжээ байгуулахад анхаарах, эхний ээлжид төлбөртэй авто зогсоол болон томоохон үйлчилгээний газруудын зогсоол бүрд түргэн цэнэглэгчтэй байх шаардлага тавих, Цахилгаан автомашиныг 2030 он хүртэл Онцгой албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх, цахилгаан автомашины түргэн цэнэглэгчийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх;

1.1.3.   Агаарын чанарыг сайжруулах бүсэд бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаалттай өрхөд олгох хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоох Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулан Засгийн газарт хүргүүлэх, урамшуулал олгоход шаардагдах төсвийг нийслэлийн төсөвт тусгах;

1.1.4.   Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 25-аас доошгүй хувийг “Яндангүй бүс”-д хамруулж, “Хашаандаа сайхан амьдрах” нөхцөлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж, гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны 44,037 айл өрхийг агаарын чанарыг сайжруулах “ЯНДАНГҮЙ БҮС”-д хамруулж, цахилгаан халаагуураар халаах техникийн боломжтой 11,361 өрхийг цахилгаан халаагуураар, үлдсэн 32,676 өрхийг сэргээгдэх эрчим хүч, хийн түлшээр хангах,  эрчим хүчний хэмнэлттэй дулаан алдагдалгүй гэр, байшингийн дулаалгыг цогцоор нь нэвтрүүлэх тооцоо судалгаа хийж, шаардагдах төсвийг нийслэлийн төсөвт тусгах;

1.1.5.   Өрхийн төвшинд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах туршилтын төслийг өргөжүүлэх,

1.1.6.   Давсны уусмалаар түүхий нүүрс болон сайжруулсан түлшийг баяжуулан утааг 50-70%-аар эрс бууруулах боломжит арга технологитой тусгайлан танилцаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

1.2.       Дунд хугацаанд:

1.2.1.   Одоогийн түүхий нүүрсээр сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдийн технологийг шинэчлэх замаар хагас коксын шахмал түлш үйлдвэрлэж айл өрхүүдэд нийлүүлэх;

1.2.2.   Гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох;

1.2.3.   Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, 50 МВт-ын нарны цахилгаан станц барих;

1.2.4.   Эрчим хүчний эх үүсвэрийн нэг устөрөгчийн цахилгаан станц, устөрөгчийн дулааны станц барих, төвлөрсөн бус дулаан хангамжид устөрөгчийн бойлер, болон эрчим хүчний хэмнэлттэй радиатор, вакум уурын бойлероор шинэчлэх;

1.2.5.    Хийн түлшээр ажилладаг халаалтын системд айл өрхийг шилжүүлэх;

1.2.6.   Яндангүй бүсээс гадуурх айл өрхийн зуухыг сайжруулсан зуухаар шинэчлэх асуудлыг судлан шийдвэрлэх;

1.2.7.   Сайжруулсан түлшний стандартыг чангаруулж хүхрийн үзүүлэлтийг 0.7%, чийглэгийн үзүүлэлтийг 4%, дэгдэмхий бодисыг 18%-тай тэнцүү буюу бага болгох;

1.2.8.   Усан халаалтын болон уурын зууханд ашиглаж байгаа мидлинг /баяжуулсан нүүрс/-ийг шохойн чулуутай хольж ашиглах боломжийг судлан, зөвлөмж хүргүүлэх;

1.2.9.   Усан халаалтын зууханд технологийн шинэчлэл хийх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

1.2.10.        Сайжруулсан түлшний үйлдвэрт технологийн шинэчлэл хийж түүхий эдэд агуулалдах хүхэр болон дэгдэмхий бодисыг бууруулах;

1.3.       Урт хугацаанд:

1.3.1.   Гэр хорооллын 560,000 тонн сайжруулсан шахмал түлшийг эрчим хүчний дэвшилтэт эх үүсвэрээр бүрэн орлуулах;

1.3.2.   Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 6 дэд төвийг бүсчилсэн байдлаар хөгжүүлэх;

1.2.11.        Сэргээгдэх эрчим хүчний 8 эх үүсвэр (75 МВт-ын усан цэнэгт нөөцлүүр, 100 МВт-ын нарны цахилгаан станц, 150 МВт-ын цахилгаан нөөцлүүр)-ийг барьж байгуулах;

1.2.12.        Асфальтобетон хольцын үйлдвэр, зуурмаг, хайрга дайрганы үйлдвэр, хуванцар, яс боловсруулах үйлдвэр гэх мэт хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг агаар бохирдуулах бусад эх үүсвэрүүдэд экологийн нэгдсэн стандарт тогтоох;

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын утааг бууруулахад чиглэсэн богино, дунд, урт хугацааны дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар төсөл хөтөлбөр боловсруулж, холбогдох талуудтай хамтран ажиллах.

Гуравдугаарт, Улаанбаатар хотын агаарын чанар болон оршин суугчдын эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, хор уршгийн талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол нээлттэй мэдээлж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний ач холбогдол, эрчим хүчний хэмнэлт, хувь хүний оролцоог өргөжүүлэх талаар иргэдийн ойлголтыг сайжруулахад чиглэгдсэн олон нийтийн сургалт, сурталчилгааны ажлыг тодорхой хөтөлбөртэйгөөр зохион байгуулах.

Дөрөвдүгээрт, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд бид “Цэлмэг тэнгэр” санаачилгын багийн боловсруулсан баримт бичигт тусгагдсан “Агаарын бохирдлыг бууруулах  тухай” хуулийн төсөл болон дагалдах хуулиудын төслийг судалж, “Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлтэй хамтатган эцэслэн боловсруулах  ажлын хэсэг байгуулан ажиллахаар шийдвэрлээд байна.

           

 

ᠬᠤᠤᠳᠠᠰᠤ ᠨᠤᠭᠤᠳ