УЛСЫН БАЙЦААГЧДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, АНУ-ын Элчин сайдын яам, Wildlife Conservation Society болон “Легал Атлас” хуулийн фирмтэй хамтран “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан хаагчийг чадавхжуулах нь” сэдэвт сургалтыг өнөөдөр эхлүүллээ.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалтад улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 42 хамгаалалтын захиргаа болон 21 аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч зэрэг нийт 63 албан хаагч оролцож байна.
Сургалтын хүрээнд байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, нотлох баримт бүрдүүлэх, байгаль орчны хохирол тооцох, нөхөн төлбөр ногдуулах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зүй зэрэг сэдвээр онол, практик хосолсон сургалт зохион байгуулж байна.
Мөн оролцогчид кейс дээр ажиллаж, бүс нутагт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, харилцан туршлага солилцох юм.
Энэхүү сургалт нь байгаль орчны хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэж байна.