ҮТХН 3.0-ЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН 3.0)-ийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж, салбар дундын оролцогчдоос санал авах зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтоо шинэчлэн тодорхойлж, ҮТХН 3.0 баримт бичгийг 2025 онд батлан НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлээд байгаа юм.
Энэ хүрээнд ҮТХН 3.0-ийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, хэрэгжилтийн уялдаа, салбар хоорондын оролцоо, санхүүжилтийн боломжийг тодорхой болгох зорилгоор төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлэв.