“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭН ДЭМЖЛЭЭ
Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн ээлжит хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас боловсруулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжлээ
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эмзэг орны тоонд хамаарах бөгөөд ган, зуд, усны нөөцийн хомсдол, газрын доройтол зэрэг эрсдэл нэмэгдэж, нийгэм, эдийн засагт бодит дарамт учруулж байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлогыг эрх зүйн нэгдсэн тогтолцоонд оруулах шаардлагын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулаад байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн 2020 оноос хойш төр, олон улсын байгууллага, мэргэжлийн эрдэмтэн судлаачидтай хамтран үе шаттайгаар боловсруулсан.
Хуулийн төсөлд олон нийтийн саналыг авахаар 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр D-Parliament цахим платформд байршуулсан ба 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг, 4 дүгээр сард банк, санхүүгийн салбарын төлөөллүүдтэй 2 удаагийн тусгай хэлэлцүүлэг зохион байгуулж 300 гаруй санал, зөвлөмжийг хүлээн авч хуулийн төсөлд тусгасан.
Хуулийн төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарал ба шингээлтийн тэнцлийг хангах, карбон зах зээлийг хөгжүүлэх, уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, мэдээлэл, тайлагналын нэгдсэн системийг бий болгоход чиглэж байна.
Тус хуулийн төслийг баталснаар дараах чухал үр дүн бий болохоор байна. Үүнд:
Хүлэмжийн хийн тооллого, тайлагнал, хяналт-шинжилгээний нэгдсэн тогтолцоо бүрдэж, бодит өгөгдөлд суурилсан бодлого хэрэгжих боломж нэмэгдэнэ
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлого, салбар дундын зохицуулалт сайжирна
Ногоон санхүүжилт, олон улсын уур амьсгалын сан болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах боломж өргөжинө
Нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүйн суурь бүрдэж, карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэнэ
Уур амьсгалын эрсдэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдлыг бууруулж, ногоон өсөлт, шинэ ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын зүгээс байгаль орчны олон талт гэрээ хэлэлцээр, ногоон шилжилтийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, байгаль орчны олон улсын манлайллыг чухалчлан ажиллаж буй энэ цаг үед Уур амьсгалын өөрчлөлтийн хууль батлагдсанаар олон улс, хувийн хэвшлийн эх үүсвэрээс ногоон хөрөнгө оруулалт татах институцийн болон эрх зүйн орчин тодорхой болж, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх боломж бодитоор нэмэгдэх юм .
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төсөл нь зөвхөн байгаль орчны салбарын зохицуулалт бус, Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжих, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх стратегийн ач холбогдол бүхий суурь хууль болох юм.