“УВС НУУРЫН ХОТГОР” ХИЛ ДАМНАСАН ДАРХАН ГАЗРЫН ХАМТАРСАН КОМИССЫН 10 ДУГААР ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.07.06

Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан газрыг байгуулах тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх Орос-Монголын хамтарсан комиссын аравдугаар хуралдааныг 2026 оны 7 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Улаангом хотноо (Увс аймаг, Монгол Улс) зохион байгууллаа.

Хурлыг Монгол улсын талаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын Газар зохион байгуулалт, төлөвлөлт хариуцсан шинжээч, хамтарсан комиссын Монголын талын дарга Б. Мөнхбаатар, ОХУ-аас Байгалийн нөөц, байгаль орчны яамны Байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах салбарын олон улсын хамтын ажиллагааны газрын Засгийн газар хоорондын комисс хариуцсан хэлтсийн дарга, газрын дэд захирал Кузнецова Ирина Игоревна нар даргалж, зохион байгууллаа.

Холимог комиссын хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ОХУ-ын Байгалийн нөөц, байгаль орчны яам, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, ОХУ-ын Тувагийн “Увс нуурын хотгор” улсын шим мандлын дархан цаазат газрын захиргаа, Хан-Хөхий нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын ирвэс төвийн төлөөлөл оролцлоо. Энэхүү хамтарсан хурлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санхүүжүүллээ.

Хурлаар Монгол, ОХУ-ын талууд “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан газрын 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2026-2027 оны төлөвлөгөөг хэлэлцэж, хамтарсан менежментийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхийн тулд биологийн олон янз байдлын хамгаалал, шинжлэх ухааны судалгаа, экологийн боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр харилцан тохиролцлоо.