ТНБД Ш.БАТБАЯР ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.

2025.10.15

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран “Хүнсний тогтолцооны өөрчлөлтөөр Биологийн олон янз байдлын үндэсний төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих” төслийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээ нь Дэлхийн хүнсний өдөр болон Хөдөөгийн эмэгтэйчүүдийн олон улсын өдөртэйдавхцан зохион байгуулагдсанаараа онцлог байв.

Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсын хүнсний тогтолцоог биологийн олон янз байдалд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой тогтолцоонд шилжүүлэхэд чиглэж байна.

Нээлтийн арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нээж, үг хэлэхдээ дараах онцлох санаануудыг дурдав.

“Өнөөдөр бид хүнсний тогтолцооны өөрчлөлтөөр байгаль орчныг хамгаалах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, хүнсний аюулгүй байдлыг хангах нэн чухал зорилгын төлөө нэгдэж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын алдагдал нь зөвхөн нэг салбарын биш, нийт үндэстний асуудал юм. Иймд хүнсний тогтолцоог байгальд ээлтэй, уур амьсгалд дасан зохицохуйц болгох нь бидний хамтын зорилго байх ёстой.”

Тэрээр мөн тус төсөл нь Монгол Улсын Биологийн олон янз байдлын Үндэсний төлөвлөгөө, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) болон байгаль орчны бодлогын бусад зорилтод бодитой хувь нэмэр оруулахыг онцлон тэмдэглэв.

Энэхүү төсөл нь хүнсний тогтолцооны шинэчлэл, биологийн олон янз байдлын хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээний уялдаа холбоог бэхжүүлж, бодлогын түвшний хамтын ажиллагаа болон санхүүжилтийн боломжийг өргөжүүлэхэд чиглэнэ.