#ТОМИЛОЛТ БОУАӨЯ-НЫ УЛСЫН БАЙЦААГЧИД ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 184 дүгээр тогтоолоор батлагдсан төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, ус, рашаан ашиглалт, хог хаягдал, химийн бодис, амьтан, ургамал, ойн нөөц, агаарын чанар, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төлөвлөсөн. Эдгээр хяналт шалгалтыг хэрэгжүүлснээр байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчны доройтлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Байгаль орчны хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн, зөвлөн туслах хэлбэрээр хэрэгжүүлэх бодлогыг улсын хэмжээнд жигд хэрэгжүүлэх зорилгоор байгаль орчны хяналтын улсын байцаагчид 2026 оны 01 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, байгаль орчны газрын мэргэжилтнүүд, ойн анги, тусгай хамгаалалттай газрын захиргаад, сумдын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж нэгдсэн сургалт зохион байгууллаа.
Мөн Хөгнө-Тарнийн болон Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаадад “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг танилцуулж, хяналт шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар чиглэл өглөө.
Байгаль орчны хяналтыг төр, олон нийт, иргэдийн оролцоотойгоор ил тод хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Арвайхээр сумын удирдлагатай агаар, хөрсний бохирдол, хог хаягдлын асуудлаар санал солилцож, зарим аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаар зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.



ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАРТАЙ ХАМТРАН “БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БОДЛОГО, ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2026 оны А/07 дугаартай “Томилолтоор ажиллуулах тухай” тушаалын дагуу тус яамны Байгаль орчны улсын хяналтын газрын удирдлага болон холбогдох албан тушаалтнууд 2026 оны 1 дүгээр сарын 27-30-ны өдрийн хооронд Өвөрхангай аймагт томилолтоор ажиллалаа.
Томилолтын хүрээнд Өвөрхангай аймгийн Байгаль орчны газартай хамтран тухайн аймгийн хэмжээнд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгогдсон албан тушаалтнууд, байгаль хамгаалагчид, тус аймгийн Бат-Өлзий суман дахь “Сум дундын ойн анги”-ийн албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах зорилгоор “Байгальд ээлтэй бодлого, хамтын ажиллагаа” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Сургалт, зөвлөгөөнийг байгаль орчны салбарын албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тулгардаг асуудлуудад үндэслэн дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгууллаа.
Үүнд:
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүнд тавих хяналт, анхаарах асуудлууд,
Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, зөрчлийн мэдээллийн нэгдсэн сан хэрэглэхэд анхаарах асуудлууд
Байгалийн нөөц баялаг буюу ой, амьтан, байгалийн ургамлын нөөцийн зохистой ашиглалт, хамгаалалт, түүнд тавих хяналт, анхаарах асуудлууд
Уул уурхай, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудлууд,
Усны тухай хууль тогтоомжийн хүрээнд ус, рашааныг зохистой ашиглах, хамгаалах журмын хэрэгжилт, анхаарах асуудлууд,
Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудлууд,
GPS багаж ашиглалтын талаарх зааварчилгаа зэрэг сэдвүүдээр тус яамны Байгаль орчны улсын хяналтын газар, Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын холбогдох албан тушаалтнууд илтгэл тавьж, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцож, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдлөө.
Сургалт зөвлөгөөнд аймгийн Байгаль орчны газрын удирдлага, албан хаагчид, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид болон сум дундын ойн ангийн удирдлага, албан хаагчид зэрэг нийт 54 албан хаагч хамрагдсан бөгөөд тэдгээрийг 4 багт хуваан илтгэлээр хүргэсэн мэдээ, мэдээлэлд үндэслэн хээрийн дадлага ажлыг зохион байгуулж, ажил мэргэжлийн ур чадварыг шалгасан үр дүнтэй сургалт боллоо.



НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ АВТО ЗАСВАРЫН ГАЗРУУДЫН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА
Засгийн газрын 2025 оны 184 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Салбарын хяналт шалгалтын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу энгийн болон аюултай хог хаягдал үүсгэгчдийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран уулзалт зохион байгуулж, хэрэгжилтийг хангах чиглэлээр санал солилцов.
Нийслэлийн хэмжээнд нийт 716 авто үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулж байгаагаас 113 нь хөдөлгүүрийн тос солих үйлчилгээ үзүүлж байна. Сүүлийн жилүүдэд авто засварын газар болон тос солих үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор техникийн ашигласан тос, тосолгооны материалыг тогтоогдсон цэгт, эрх бүхий байгууллагад шилжүүлэхгүй байх зөрчил түгээмэл илэрч байгаа талаар уулзалтаар онцоллоо.
2023 онд улсын хэмжээнд хийгдсэн хяналт шалгалтын дүнгээр авто засварын үйл ажиллагаанаас сард дунджаар 43,000 литр техникийн тос үүсдэгээс 40 хувь (87 аж ахуйн нэгж) нь аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад шилжүүлдэг байна.
Харин авто засварын газруудын 40 хувь нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтгүй, 62 хувь нь тухайн жилийн байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй зөрчил, дутагдалтай байжээ.
Техникийн ашигласан тос, аккумлятор нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор батлагдсан Аюултай хог хаягдлын жагсаалтын
1603 дэд бүлэг (батарей, аккумлятор),
1302 дэд бүлэг (хөдөлгүүр, хурдны хайрцаг, тосолгооны тосны хаягдал)-д тус тус хамаардаг.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь өөрийн үйл ажиллагаанаас үүссэн аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад, эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх үүрэгтэйг анхааруулж байна.



АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 184 дүгээр тогтоол, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 12 дугаар 31-ний өдрийн А/955 дугаар тушаалаар батлагдсан “Салбарын хяналт шалгалтын 2026 оны төлөвлөгөө” болон “Төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт”-ын хүрээнд 2026 онд хэрэгжүүлэх хяналт шалгалтын зохион байгуулалт, анхаарах асуудлаар аймаг, нийслэлийн улсын (ахлах) байцаагч нарт чиглэл өгөх цахим уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтад 21 аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын 71 улсын байцаагч хамрагдаж, 2026 онд улсын хэмжээнд хийгдэх салбарын хяналт шалгалтын бодлого, зохион байгуулалт, анхаарах асуудлаар нэгдсэн чиглэл, мэдээлэл авлаа. Мөн зарим төрлийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх, хяналтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх талаар Улсын ерөнхий байцаагч тодорхой чиглэл өглөө.
Цахим уулзалтаар хяналт шалгалтын үйл ажиллагаанд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах чиглэлийн хяналтыг нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийн үр дагаврыг бүрэн арилгуулах, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг тогтмолжуулах, хариуцлагын хэрэгжилтийг сайжруулах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
2025 ОНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮР ДҮН
Улсын хэмжээнд 2025 онд байгаль орчны чиглэлээр 12,749 объектод хяналт шалгалт хийж, давхардсан тоогоор нийт 9,381 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Үүнээс:
• 6,806 зөрчил буюу 72 хувь-ийг арилгуулж,
• 44 зөрчлийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр Цагдаагийн байгууллагад шилжүүлэн,
• 1,449 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
• 389 зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Зөрчил гаргасан 1,857 иргэн, аж ахуйн нэгжид нийт 1.69 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, мөн 630 иргэн, аж ахуйн нэгжид 4.41 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан байна. Түүнчлэн 1,934 албан бичиг, 584 өргөдөл, гомдол хүлээн авч, 82 хувийн биелэлттэйгээр шийдвэрлэн хариу өгчээ.
ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛИЙН ӨСӨЛТ, ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2025 онд:
• Агаарын чанарын хяналт 75 хувь,
• Химийн бодисын хяналт 47 хувь,
• Ойн нөөц ашиглалтын хяналт 33 хувь,
• Хөрсний хяналт 28 хувь,
• Аюултай хог хаягдлын хяналт 11 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Хяналт шалгалтад хамрагдсан объектуудын хууль тогтоомжийн хэрэгжилт дунджаар 79.2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
САЙН ТУРШЛАГА, ЦААШДЫН ЧИГЛЭЛ
Хяналт шалгалтыг бүрэн гүйцэд, үр дүнтэй хэрэгжүүлсэн байгууллага, орон нутгаар Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Өвөрхангай аймаг, Нийслэлийн Байгаль орчны газар тэргүүлсэн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлсэн байдлаар Нийслэл, Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий аймгууд онцлогдлоо.
Энэхүү уулзалт нь байгаль орчны хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн, зөвлөн туслах хэлбэрээр хэрэгжүүлэх бодлогыг улсын хэмжээнд жигд хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. Цаашид байгаль орчны хяналт шалгалтыг төр, олон нийтийн оролцоонд тулгуурлан, ил тод, нээлттэй байдлыг хангаж, иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хэлбэрээр зохион байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллана.



#БАЙГАЛЬ_ОРЧНЫ_ХЯНАЛТ_2025: ХУУЛЬ БУС АНГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА
Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/05 дугаартай удирдамжийн дагуу улсын хэмжээнд Амьтны тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
2025 оны эхний хагас жилийн байдлаар 22 зүйлийн 755 бодгаль амьтныг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай эд эрхтэнг гарал үүслийн тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн 168 удаагийн зөрчил илрүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч, байгалийн нөөцөд учруулсан хохиролд нөхөн төлбөр оногдуулсан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл болох галт зэвсэг 6 ширхэг /Сайга, Вепрь, Саббати, ТОЗ-8/, мөсний өрөм 1 ширхэг, загасны тор 2 ширхэг, загасны уурга, дэгээ 4 ширхэгийг хураан авч, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр галт зэвсгийг Цагдаагийн байгууллагад, бусад эд зүйлс болон амьтны мах, эд эрхтэнг тухайн орон нутгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд, тарваганы мах, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын төвд тус тус хүргүүлж ажилласан.


28 хуулийн этгээдэд байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр оногдуулаад байна
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газраас байгаль орчны хяналтын чиглэлийн эрсдэлийн шалгуураар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн объектод төлөвлөгөөт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/02 дугаартай удирдамжийн дагуу байгаль орчны багц хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, байгаль орчинд үзүүлэх эрсдэлийн түвшинг бууруулах чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулж байна.
2025 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 351 объект буюу нийт төлөвлөгөөт шалгалтад хамрагдах 973 объектын 36 хувийг хамруулан төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулаад байна.
Шалгалтаар байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн 194 иргэн, хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 28 хуулийн этгээдэд байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр оногдуулсан байна. Шалгалтын хүрээнд 904 заалт бүхий 328 улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Улсын хэмжээнд төлөвлөгөөт хяналт шалгалт үргэлжлэн хийгдэж байна.



