2030 ОНД “30 ХУВЬ” ЗОРИЛТ

2025.12.04

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зохион байгуулж буй Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын зөвлөлдөх уулзалт хоёр дахь өдрөө /2025.12.04/ үргэлжилж байна. Энэхүү зөвлөлдөх уулзалт хамгаалалтын захиргаадын бодлого, төлөвлөлт, санхүүжилтийн тогтолцоог шинэ түвшинд сайжруулах, 2026 оны ажлын төлөвлөгөөг шинэ шатанд гаргах зорилготой юм.

Өнөөдрийн уулзалтад БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо, GIZ-ийн байгаль орчны төслийн дарга Бастиан Флүри нар байр сууриа илэрхийлэн оролцлоо. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамулсын ТХГН-ийн хамгаалалтын захиргаад, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүд, ТББ, иргэний нийгмийн төлөөллүүд оролцов.

Оролцогчид хамгаалалтын захиргаадын өнөөгийн нөхцөл, тулгамдсан асуудлуудаар илтгэл тавьж, хамгаалалтын захиргаадын бодлого, хууль эрх зүйн орчин, байгууллага хоорондын уялдаа холбоог шинэ түвшинд сайжруулах чиглэлд санал, байр сууриа илэрхийллээ.

Өнөөдрийн байдлаар, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 20.8 хувь буюу 32.5 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулж, нэгдсэн сүлжээг бүрдүүлээд байна. Нийт нутаг дэвсгэрийн 15 орчим хувийг буюу 24.3 сая гаруй га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад хамруулсан байдаг. Улсын тусгай хамгаалалттай нутгийг хуулиар тогтоосон 4 ангиллаар авч үзвэл дархан цаазат газар 23, байгалийн цогцолборт газар 37, байгалийн нөөц газар 47, дурсгалт газар 13 байна.

Цаашид экологийн хувьд чухал ач холбогдолтой 21 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар мэргэжлийн байгууллагатай хамтран хийсэн судалгаанд үндэслэн тусгай хамгаалалттай газрын сүлжээг өргөжүүлж 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилтын хэрэгжилтийг хангахад хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэж байна.

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

#Монголын Байгалийн Өв Сан,

#Германы KfW банкны “BACCP” төсөл,

#GIZ,

#Ханнс Зайделийн сан,

#The Nature Conservancy (TNC)