Агаарын бохирдлыг бууруулах асуудлаарх зөвлөлдөх уулзалтад оролцлоо

2025.04.16

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн, ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр /2025.04.16/ Монгол Улсад агаарын бохирдлыг бууруулах асуудлаарх талуудын дугуй ширээний зөвлөлдөх уулзалтад оролцов.

Дэлхийн банк, Чингэлтэй дүүргийн хамтран зохион байгуулсан уулзалтад Ажлын албаны дарга С.Даваасүрэн нийслэлийн гэр хорооллын бүсийн сургууль, цэцэрлэг, хорооны байр, эмнэлэг зэрэгт дулаан нийлүүлж буй халаалтын зуухуудыг шинэчлэх шийдлийг танилцуулж, оролцогчдын асуултад хариулав.

Нийслэлд 15-100 кВт-ын хүчин чадалтай 2306 халаалтын зуух хатуу түлш ашиглаж буй бөгөөд эдгээрийн 174 нь 100 кВт-аас дээш хүчин чадалтай том зуух юм. Халаалтын зуухыг технологийн шийдэлд шилжүүлснээр 20-30 мянган айл өрхтэй дүйцэх хэмжээний нүүрсний хэрэглээг бууруулна.

Дэлхийн банк сүүлийн 20 жилд Монгол, БНХАУ, Мексик, Перу, Бангладеш, Вьетнам зэрэг улсын агаарын бохирдлыг бууруулахад 16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Үүнээс Улаанбаатар хотод 15 сая ам.долларын “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлсэн байна.

БНХАУ-ын Хэбэй мужид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн 500 сая ам.долларын төсөл өндөр үр дүн авчирсныг Дэлхийн банк онцолж байна. Төслийн хүрээнд нийтийн тээвэр, айл өрх, хөдөө аж ахуй, аж үйлдвэр гэсэн олон салбарыг хамарсан арга хэмжээ хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрчээ.