Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, БОУАӨЯ-ны хамтран зохион байгуулагчаар оролцож буй Экологийн улсын XXI олимпиад өнөөдөр /2025.05.10/ МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төвд эхэллээ.
Байгаль хамгаалал, хүрээлэн буй орчин судлал, инженерчлэлийн чиглэлээр их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнуудын экологийн ерөнхий мэдлэгийг сорих, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, экологийн боловсролын бүх нийтэд сурталчлах зорилготой энэхүү олимпиадыг энэ жил “Агаарын бохирдлыг бууруулъя” уриан дор зохион байгуулж байна.
Олимпиадын нээлтийн арга хэмжээнд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн, ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал болон МУИС-ийн ректор Б.Очирхуяг, МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн захирал Ч.Сономдагва нарын албан тушаалтнууд оролцов.
МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг олимпиадыг нээж хэлсэн үгэндээ “Экологийн олимпиад зөвхөн уралдаан тэмцээн биш жил бүр тодорхой сэдвээр нийгэмд уриалга дэвшүүлдэг. Энэ жил “Агаарын бохирдлыг бууруулъя” уриан дор зохион байгуулагдаж байна” гэдгийг тэмдэглэж, олимпиад өргөн хүрээнд олон оролцогчтой болж байгааг дурдав.
Мөн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн олимпиадад оролцогчдод агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлын талаар товч мэдээлэл өгч, олон улсын туршлага, Монголд нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулав. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлд оюутан залуус анхаарал хандуулж буйд талархал илэрхийлээд “Төр хийх ажлаа зоригтой хэрэгжүүлж, иргэд ухамсартайгаар оролцвол агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах боломжтой” гэдгийг онцлон тэмдэглээд, оюутнуудад амжилт хүслээ.
МУИС-ийн профессор Ч.Гончигсумлаа агсны санаачилсан, 2003 оноос хойш зохион байгуулагдаж буй Экологийн улсын олимпиадад энэ жил 9 их, дээд сургуулийн 100 орчим оюутан оролцож байна.