БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ БОЛОН ХОВОРДСОН АМЬТАН, УРГАМЛЫН ГАДААД ХУДАЛДААГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2026.05.07

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг 2026 оны тавдугаар сарын 06-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, аж ахуйн нэгж болон иргэдийн төлөөлөл оролцож, хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, зохицуулалтын шинэчлэл, хэрэгжилтийн уялдаа холбоо болон биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр тусгасан гол өөрчлөлтүүдийг танилцуулан санал солилцов.

Энэ үеэр Байгалийн ургамлын тухай хууль нь анх 1995 онд батлагдаж, 1997-2024 оны хооронд найман удаа нэмэлт, өөрчлөлт орсныг онцолж, 2026 оны шинэчилсэн найруулгын төсөлд 6 бүлэг, 27 зүйл тусгаж, 12 нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмсэн талаар танилцууллаа.

Мөн шинэчилсэн найруулгаар байгалийн ургамлын зүйл, ургамлын бүлгэмдлийн олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой харилцааг боловсронгуй болгохоос гадна Ойн тухай хууль болон бусад хуультай давхардсан зохицуулалтыг арилгаж, байгалийн ургамлыг тарималжуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг шинэчлэхээр тусгажээ.

Түүнчлэн ховордсон амьтан, ургамлын гаралтай эд зүйлийн хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, хамгаалалт, хяналтыг сайжруулах, байгалийн ургамлын үр, эс, эд, гербарийн санг төрийн мэдэлд хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгасан бөгөөд дээрх асуудлуудлаар хэлэлцүүлэг өрнөв