Агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэгтэй ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл өнөөдөр /2025.05.20/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасантай хамтарсан уулзалт хийлээ.
Уулзалтад Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн, БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх, БОУАӨЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар болон тус байгууллагуудын албан хаагчид оролцов.
Уулзалтын үеэр БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газраас хууль эрхзүй, стандартын шинэчлэлийн талаар, Ажлын албанаас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 15-100 кВт-ын халаалтын зуухны технологийн шинэчлэлийн тухай, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар айл өрхийг дулаалах, хийн зууханд шилжүүлэх асуудлаар танилцуулга хийсэн юм.
БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан “Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын бохирдлыг бууруулах бодлого, зохицуулалт, ажлыг гардан хийж буй та бүхэн цаг алдахгүйгээр, урин дулааны улиралд бэлтгэлээ сайтар хангаж, хүйтний улиралд хяналт тавих ажилдаа нэг баг болон ажиллах шаардлагатай.
Нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар нэг баг болж, агаарын бохирдлыг бууруулахын төлөө нөөц боломжоо дайчлан ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолж, зарим асуудлаар үүрэг чиглэл өглөө.