ЦААС, ЦАГ ХЭМНЭСЭН ЦАХИМ ШИНЭЧЛЭЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ НЭВТРҮҮЛЛЭЭ

2026.07.22

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачлан хэрэгжүүлж буй төр, иргэний харилцан итгэлцлийг дэмжих, хүнд суртал, давхардсан зохицуулалт, тодорхойгүй шаардлагыг арилгах “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам өргөдөл, гомдол, санал, хүсэлт, албан бичгийг цахимаар хүлээн авах системийг нэвтрүүллээ.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага shilen.mecc.gov.mn хаягаар нэвтэрч, өргөдөл, гомдол, албан бичгээ цахимаар илгээхийн зэрэгцээ шийдвэрлэлтийн явцыг хянах боломжтой.

Ингэснээр бичиг өгөхийн тулд замын түгжрэлд цаг алдан яаманд биечлэн ирэх шаардлагагүй боллоо. Хэрэглэгч ДАН танилт, нэвтрэлтийн нэгдсэн системээр нэвтэрч, мэдээллээ бөглөн, шаардлагатай хавсралтаа оруулж, өргөдөл, гомдол, албан бичгээ цахимаар илгээнэ. Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл байгууллагынхаа бүртгэлийг холбож, албан бичгийг байгууллагын нэрийн өмнөөс илгээх боломжтой.

Цахимаар илгээсэн бичиг яамны аль газар, нэгж, ямар албан тушаалтанд хуваарилагдсан, тухайн албан тушаалтан дээр хэдий хугацаанд байгаа, шийдвэрлэлтийн ямар шатанд явааг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө хянана. Ингэснээр төрд өгсөн бичиг хаана, хэний хариуцлагад байгааг мэдэхийн тулд утсаар дахин дахин лавлах, хэд хэдэн албан хаагчтай холбогдох шаардлага багасна.

Мөн албан бичиг, өргөдөл, гомдлын дугаар, гарчиг болон агуулгын түлхүүр үгээр хайлт хийж, илгээсэн огноо, одоогийн төлөв, шийдвэрлэлтийн үе шаттай бодит цагийн мэдээллээр танилцах боломжтой.

Өмнө нь яамны өргөдөл, гомдол, албан бичгийг цаасан хэлбэрээр хэвлэж, хуулбарлан ашиглахад жилд 25 орчим километр урттай тэнцэх хэмжээний цаас зарцуулдаг байв. Цахим систем нэвтэрснээр цаасны хэрэглээг бууруулахын зэрэгцээ иргэн, байгууллагын төлөөлөл бичиг өгөх, явцыг лавлахын тулд хотын замын түгжрэлд нааш цааш зорчих шаардлага багасна.

Ингэснээр иргэдийн цаг хугацаа, шатахуун, тээврийн зардлыг хэмнэж, цаасны хэрэглээ болон автомашины зорчилтоос үүдэх байгаль орчны нөлөөллийг бууруулах ач холбогдолтой.

Шинэ систем нь төрд ирүүлсэн бичиг хэний хариуцлагад, хэдий хугацаанд байгааг ил тод болгож, албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлнэ. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бичгээ илгээсэн цагаас шийдвэр гарах хүртэлх явцыг өөрсдөө хянадаг болсноор төрийн үйлчилгээ илүү шуурхай, нээлттэй, хүртээмжтэй болж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах үйл ажиллагааг хялбарчилж, хүлээлт, шаардлагагүй шат дамжлага болон цаасан хэрэглээг бууруулах цахим шинэчлэлийг цаашид үе шаттайгаар өргөжүүлнэ.

Энд дарж өргөдөл, гомдол, албан бичгээ цахимаар илгээж, шийдвэрлэлтийн системийг ашиглах заавартай танилцаарай.