“БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ӨӨРЧЛӨГДӨН БУЙ ДЭЛХИЙГ САХИН ХАМГААЛАГЧИД”
Жил бүрийн 7 дугаар сарын 31-нд байгальд ирээдүй үлдээхийн төлөө цуцалтгүй ажиллаж буй дэлхийн байгаль хамгаалагчдын гавьяа зүтгэлийг хүндэтгэн онцлох сэдэв, уриалгатай тэмдэглэдэг.
Энэ жилийн Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг “Байгаль хамгаалагчид өөрчлөгдөн буй дэлхийг сахин хамгаалагчид” сэдэвтэй тэмдэглэж байна.
Олон улсын байгаль хамгаалагчдын холбоо (IRF) дэлхийн бүх байгаль хамгаалагчийг ажил үйлс, золиосных нь төлөө хүндэтгэн алдаршуулж, амь үрэгдсэн нэгнээ дурсаж, гавьяа зүтгэлийг нь зохих ёсоор үнэлэн хүлээн зөвшөөрөхийг уриалж байна. 2025 онд Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) “Байгаль хамгаалагчид манай гаригийн эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй чухал ажилтнууд” нэртэй 102 дугаар саналыг (Motion 102) баталсан.
Уг саналд байгаль хамгаалагчдын ажиллаж буй нөхцөл байдалд ноцтой түгшиж буйгаа илэрхийлсэн юм. Байгалийн болон соёлын өв, нөөцийг сахин хамгаалдаг байгаль орчны хамгаалагчдын хувьд тэд амь насанд аюултай, хангамж нөөц хүрэлцээгүй нөхцөлд ажиллах нь түгээмэл байдаг. IRF-ийн 2026 оны Дурсгалын хүндэтгэлийн жагсаалт (Roll of Honour) нь эдгээр эрсдэл болон байгаль хамгаалагчдад тулгарсаар буй асар том сорилтуудын сануулга болж байна.
IRF нь 2025–2026 онд дэлхийн 40 улсад 147 байгаль хамгаалагч амь насаа алдсаныг гүнээ харамсан тэмдэглэж байна. Харамсалтай нь, нийт нас баралтын 29 хувийг бусдын гарт амь насаа алдсан тохиолдол эзэлж, тэргүүлэх шалтгаан болжээ. Дараагийн томоохон шалтгаан буюу 22 хувь нь байгаль хамгаалагчдын амьдралаа зориулан хамгаалдаг зэрлэг амьтдын дайралт байв.
Эдгээр харамсалтай эндэгдэл нь байгаль хамгаалагчдад тулгарч буй аюул занал нэмэгдэж байгааг тод харуулж, энэ жилийн Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийн “Байгаль хамгаалагчид өөрчлөгдөн буй дэлхийг сахин хамгаалагчид” сэдэвтэй шууд уялдаж байна. Дэлхий даяар байгалийн нөөцийн хомсдол нэмэгдэхийн хэрээр тэдгээрийн эрэлт, үнэ цэнэ өсөж, уг нөөцийг эх үүсвэр дээр нь сахин хамгаалдаг байгаль хамгаалагчид зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээний шууд эрсдэлд өртөж байна.
Эдгээр тохиолдлын олонх нь дэлхийн биологийн олон янз байдлын 70–80 хувь төвлөрдөг Дэлхийн өмнөд бүсэд (Global South) гарсан бөгөөд биологийн олон янз байдлаар нэн баялаг 17 улсын 14 нь энэ бүсэд оршдог. Энэ бодит байдал нь тухайн бүс нутгийн байгаль хамгаалагчдын хүлээж буй асар их хариуцлага болон байгалийн нэн чухал баялгийг хамгаалах явцдаа өртөж буй өндөр эрсдэлийг тодотгож байна.
Үүний зэрэгцээ байгалийн унаган газар нутаг хумигдаж, хүний үйл ажиллагаа давамгайлсан бүсүүд тэлж, зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөний коридорууд тасарч байгаа нь хүн, зэрлэг амьтны зөрчлийг улам хурцатгаж байна. Байгаль хамгаалагчид эдгээр зөрчлийн тэргүүн шугамд ажиллаж, хүн болон байгалийг зэрэг хамгаалахын төлөө зэрлэг амьтадтай нүүр тулах нь улам нэмэгдэж байна.
IRF нь байгаль хамгаалагчдын биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд мөн гүнээ санаа зовниж байна. Сүүлийн үеийн мэдээллээр зүрхний шигдээс болон онош, шалтгаан нь тодорхойгүй эрүүл мэндийн бусад нөхцөлөөр нас барсан байгаль хамгаалагчдын тоо анхаарал татахуйц хэмжээнд хүрчээ. Түүнчлэн манай бүртгэл мэдээлэлд байгаль хамгаалагч амиа хорлосон тохиолдлууд анх удаа тэмдэглэгдсэн байна.
Энэ нь тэдэнд учирдаг асар их дарамтыг хатуу сануулж, сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавихын чухлыг харуулж байна. Байгаль хамгаалагчдын эрүүл мэнд, сэтгэлзүйн тэсвэр, ажлын үр нөлөөг хамгаалахад шаардлагатай дэмжлэгийн тогтолцоо, нөөц болон хамгаалалтын арга хэмжээг хүртээмжтэй болгоход илүү их анхаарах шаардлагатай.
Эдгээр бодит нөхцөл байдалтай холбогдуулан IRF байгалийн нэн чухал нөөцийг хамгаалдаг хүмүүст чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалж байна. Үүнд төрийн, бүс нутгийн, нутгийн иргэдийн хамтын нийгэмлэгийн, уугуул иргэдийн болон хувийн хэвшлийн байгаль хамгаалагчдын чадавхыг бэхжүүлж, тэднийг шаардлагатай тоног хэрэгсэл, дэмжлэг, хамгаалалтаар хангах асуудал зайлшгүй багтах ёстой.
Байгалиа үр дүнтэй хамгаалъя гэвэл байгаль хамгаалагчдын сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавих шаардлагатай. Тэдний ажиллах урам зориг, аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарах нь ажлын үр нөлөөг нь дээшлүүлж, биологийн олон янз байдал болон дэлхийн эрүүл мэндийг хамгаалах тэргүүлэх үүргээ бүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Цаашид IRF дэлхийн байгаль хамгаалагчдад үзүүлэх дэмжлэгээ улам бэхжүүлэн ажиллана. Дараагийн Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрөөс өмнө бид “Байгаль хамгаалагчид — манай гаригийн зайлшгүй чухал ажилтнууд” сэдвийн дор болох IRF-ийн Дэлхийн байгаль хамгаалагчдын XI их хуралд нэгдэн чуулна.
Энэхүү сэдэв нь биологийн олон янз байдлыг хамгаалах, байгаль хамгааллын үйл ажиллагааг урагшлуулахад байгаль хамгаалагчдын гүйцэтгэдэг чухал үүргийг онцлохын зэрэгцээ дэлхийн хамгийн чухал мэргэжлүүдийн нэгэнд тулгарч буй томоохон сорилтуудад анхаарал хандуулна.
Энэ Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрөөр бид амь үрэгдсэн нэгнээ хүндэтгэн дурсаж, эрсдэлд өртөмтгий байгаль хамгаалагчидтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна. Мөн дэлхийн өнцөг булан бүрийн байгаль хамгаалагчдыг өөрчлөгдөж буй дэлхийн жинхэнэ сахин хамгаалагчдын хувьд зохих ёсоор үнэлж, дэмжиж, шаардлагатай эрх, нөөц, боломжоор хангахын төлөөх амлалтаа дахин нотолж байна.
ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ХОЛБОО