МОНГОЛ УЛС КОНВЕНЦ, ПРОТОКОЛЫН ҮНДЭСНИЙ ТАЙЛАНГУУДАА ХҮРГҮҮЛЛЭЭ

2026.03.02

Монгол Улс Биологийн олон янз байдлын тухай конвенцын Үндэсний долоодугаар тайлан, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын үндэсний тайлан, Картагены протоколын тавдугаар тайлан, Нагояагийн протоколын анхдугаар тайланг 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт албан ёсоор хүргүүллээ.

Эдгээр тайлан нь Куньмин-Монреалын Дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээ (КМДБОЯБХХ)-ний хэрэгжилтийн ахицыг улс орон бүрийн түвшинд нэгтгэн үнэлэх, цаашдын бодлого, хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Биологийн олон янз байдлын тухай конвенцын Үндэсний долоодугаар тайланд Куньмин-Монреалын Дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээний зорилтуудтай уялдуулан Монгол Улсын тодорхойлсон 20 зорилтын хүрээнд хэрэгжилтийн ахиц, үр дүн, тулгамдсан асуудал, сорилтыг нэгтгэн тусгасан бөгөөд Монгол орны экосистем, зүйл, генетикийн олон янз байдлын төлөв байдал, өөрчлөлтийн чиг хандлага, хамгаалал ба тогтвортой ашиглалт, бодлого, эрх зүйн арга хэмжээ, хэрэгжилтийн үр дүн, цаашдын тэргүүлэх зорилт, чиглэл зэрэг асуудлыг хамруулсан байна.

Монгол Улс тайланд тусгагдсан дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Куньмин-Монреалын Дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээний хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх зорилгоор бодлого, төлөвлөлтийн салбар хоорондын уялдааг сайжруулах, мониторинг-тайлагналын мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон талт түншлэл, санхүүжилтийн механизмыг өргөжүүлэх чиглэлээр цаашид үр дүнтэй ажиллах үүрэг хүлээж байна.