"МОНГОЛ УЛСЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТУХАЙ ХУУЛЬ: БОЛОМЖ, СОРИЛТ, ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

2026.06.23


Улсын Их Хурал, ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Бодлого, манлайллын хүрээлэн (IPL)-гээс “Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль: Боломж, Сорилт, Хэрэгжилт” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

✅БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого, зорилтоо эрчимжүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэгдэж байна. Хуулийн төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон санхүүжилт болон карбон зах зээлийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтуудын хэрэгжилтийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх юм” гэдгийг онцлов.

✅Уулзалтад Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Э.Болормаа, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан болон салбарын яам, банк, санхүүгийн байгууллагууд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын хөгжлийн түнш байгууллагууд, хувийн хэвшил болон иргэдийн төлөөлөл зэрэг 40 гаруй хүн оролцлоо.

✅Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн хүрээнд хэрэгжилтээс бий болох боломжууд, уур амьсгалын ногоон санхүүжилт, карбон зах зээл, тэгш бөгөөд хүртээмжтэй шилжилт, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоо (MRV), хариуцлага, ил тод байдал, бэлчээрийн тогтвортой менежмент, орон нутгийн иргэд, малчдын оролцоо, үр өгөөжийн хуваарилалт зэрэг асуудлыг хэлэлцэв.