Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас ойн нөөц, баялгийг зохистой ашиглах, хамгаалах, хяналт тавих үйл ажиллагааг цахимжуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн бөгөөд erp.forest.gov.mn цахим системийг ашиглалтад оруулаад байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар нь ойн нөөцийн ашиглалт, хамгаалалттай холбоотой хяналт шалгалтын бодлого, төлөвлөлтийг улсын хэмжээнд зохион байгуулдаг бөгөөд цаашдын үйл ажиллагаандаа erp.forest.gov.mn цахим системийг ашиглах, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэгч нэгж, албан тушаалтныг энэ чиглэлийн мэдээ, мэдээллээр хангаж ажиллах зорилгоор Ойн газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, цахим системийн талаарх мэдээллийг сонсож, санал солилцлоо.
Уулзалтаар тус газрын албан хаагчид ойн нөөцийн ашиглалт, хамгаалалтын чиглэлээр хийгдэж буй хяналт шалгалтын хүрээнд тулгамдаж буй хүндрэл, нөхцөл байдалтай уялдуулан цахим системд нэмэлт хөгжүүлэлт хийх боломжтой эсэх талаар дараах саналуудыг илэрхийллээ. Үүнд:
Цахим системийн ашиглалтын хүрээнд хяналтын чиглэлээр хандах болон холбогдох дата, мэдээллийг харах эрх авах,
Мод, ойн дагалт баялаг бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг хянасан, баталгаажуулсан эрх бүхий албан тушаалтны баталгаажуулалт, тайлбар мэдээлэлд харагддаг байх хэлбэрээр шийдэж, хөгжүүлэлт хийх,
Мод, модон материалын зах, худалдааны төвүүдэд ирж буй модон материалын бүртгэл, мэдээлэл, хяналтын тогтолцоог цахим системтэй уялдуулах, боловсронгуй болгох,
Модны бирж болон захуудаас мод, модон материалыг худалдан авч өөр аймаг, сум руу тээвэрлэх тохиолдолд гарал үүслийн гэрчилгээ, холбогдох баримт бичгийн асуудлыг цахим системд тодорхой болгож шийдвэрлүүлэх,
Дамжин өнгөрөх цэгүүдэд эрх бүхий албан тушаалтан хяналт тавих, баталгаажуулалт хийж, тэмдэглэгээ үйлдэх асуудлыг тодорхой болгож хөгжүүлэх.
Тухайн цахим системийн ашиглалтыг нэмэгдүүлснээр төрөөс иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, цаг хугацааг хэмнэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдах, ойн нөөц баялгийн хууль бус ашиглалт буурах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байна.