Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзан, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын санхүүжилтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын тэргүүлэх бодлого, санаачилгуудыг хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Монгол Улс, НҮБ-ын 2023–2027 оны хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс үзүүлж буй дэмжлэгийг өндрөөр үнэлж буйгаа уулзалтын эхэнд сайд Ц.Сандаг-Очир илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг 2028–2032 оны хөгжлийн төлөвлөлттэй уялдуулахын ач холбогдлыг онцоллоо.
Уулзалтаар Монгол Улсын даргалсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлын үр дүнг бодит ажил хэрэг болгох, ялангуяа “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг чухалчлан авч үзлээ. Бэлчээрийн нөхөн сэргээлтийг малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхтай уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Түүнчлэн цөлжилттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх Риогийн гурван конвенцын зорилтуудыг уялдуулж, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг Сайд Ц.Сандаг-Очир дурдав.
Талууд Даян дэлхийн байгаль орчны сангийн ес дэх нөхөн бүрдүүлэлт (GEF-9), Уур амьсгалын ногоон сан болон BIOFIN хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Үүнд биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, мониторинг, тайлагнал, хуурай бүс нутгийн ган, цөлжилтийн менежмент, тусгай хамгаалалттай газар нутаг, ой, усны нөөцийн хамгаалал зэрэг чиглэл багтсан.
Мөн олон улсын санхүүжилттэй төслүүдийн давхардлыг бууруулах, үндэсний байгууллагуудын оролцоог хангах, төслийн үр дүнг урт хугацаанд тогтвортой хадгалахад анхаарч ажиллахаар санал солилцлоо. Уулзалтын үеэр нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүйн орчин, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хэрэгжилтийг дэмжих асуудлыг онцгойлон авч үзлээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс Уур амьсгалын ногоон сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлын төслийн хүрээнд үндэсний нүүрстөрөгчийн бүртгэлийн туршилтын систем, холбогдох аргачлал, эрх зүйн баримт бичиг, байгууллагын чадавхыг хөгжүүлэх ажлууд урагшилсныг танилцуулав.
Сайд Ц.Сандаг-Очир Монгол Улс Сингапур Улстай нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд төслийн бүртгэлийн ажлыг эхлүүлснийг мэдээллээ. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журмыг хуульд заасан хугацаанд боловсруулж батлуулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн техникийн дэмжлэг чухал болохыг онцлов.
Үүнээс гадна ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийн удирдлага, цаг уурын эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх, түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээх чиглэлээр хамтарсан төсөл, санхүүжилтийн боломжийг хэлэлцлээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс эдгээр чиглэлээр олон улсын түншүүдтэй хамтран ажиллах боломжийг судалж байгааг танилцуулав.
Уулзалтын төгсгөлд талууд “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн замын зураг, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл, байгаль орчны санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүйн орчин, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр санал солилцлоо.