С.Одонтуяа сайд Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, санал солилцлоо

2024.10.16

Өнөөдөр /2024.10.16/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань Монгол Улс 2026 оны Цөлжилтийн талаарх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах болсонд баяр хүргэж, энэхүү ач холбогдол бүхий өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулах тал дээр Монгол Улсын Засгийг газрыг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн БНХАУ-ын Засгийн газартай “Нэг бүс нэг зам” санаачлагын хүрээнд Говийн Их дархан цаазат газрын А хэсгийн нутаг дэвсгэрт 2018 оноос хойш хэрэгжүүлсэн Мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцааны төслийг дүгнэн ярилцаж, үр дүнг хүлээн авах баримт бичигт гарын үсэг зурлаа.

Талууд Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төвийг байгуулах хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа солилцосны зэрэгцээ байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, үр дүнтэйгээр нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.