БОУАӨ-ийн сайд бөгөөд Үндэсний хорооны дарга Б.Батбаатарын өгсөн чиглэлийн дагуу СОР17 Үндэсний хорооны VIII хуралдаан өнөөдөр /2025.08.25/ Төрийн ордонд боллоо.
Энэ удаагийн Үндэсний хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд БОУАӨ-ийн сайд, Үндэсний хорооны дарга Б.Батбаатар 36 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.1, Үндэсний хорооны ажиллах журмын 5 дугаар зүйл, 5.3-т тус тус заасны дагуу Ажлын албаны даргаар Д.Батмөнхийг томилсон шийдвэрийг танилцуулав.
Үүний дараа COP17 хурал зохион байгуулах ажлын явцыг СОР17 Ажлын албаны дарга Д.Батмөнх, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын байр, байгууламжийн ерөнхий гүйцэтгэгчтэй хэлэлцээ хийх ажлын хэсгийн ажлын тайланг “КОП-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга, Үндэсний хорооны хуралд танилцуулах “Бэлчээрийн шүхэр санаачилга” –ын талаар “Риогийн 3 конвенцын уялдааг хангах, СОР хурлуудад төр, засгийн төлөөллийг өндөр түвшинд оролцуулж, үзэсгэлэн зохион байгуулах, хөрөнгө оруулалт босгох хэлтэс”-ийн дарга Д.Ариунтуяа нар тус тус танилцууллаа.
Үүний дараа танилцуулсан асуудалтай холбогдуулан Үндэсний хорооны гишүүд СОР17 Үндэсний хорооны Ажлын алба байрлах байр, төсөв санхүү, зочдыг хүлээн авах байр буудал зэрэг асуудлаар хариуцсан хүмүүсээс нэмэлт мэдээлэл авч, зарим асуудлыг эргэн ярилцаж шийдвэрлэхээр тогтов.
Цаашид Үндэсний хороог 14 хоног тутам хуралдуулж байх асуудлыг гишүүдийн олонх дэмжлээ.