УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусган, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Ажлын хэсэг хуулийн нэр томьёо, найруулгыг сайжруулж, зарим заалтыг хасах болон тодруулах санал боловсруулсан. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар салбар хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор Үндэсний хороо байгуулах, нүүрстөрөгчийн бууралтын үр дүнгийн эрсдэлийн удирдлагын зохицуулалтыг тусгах саналыг дэмжсэн байна.
Мөн хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, салбаруудын хөгжлийн бодлогыг уур амьсгалын зорилттой уялдуулах, мэдээллийн нэгдсэн платформ хөгжүүлэх, олон нийтийн боловсрол, байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх арга хэмжээг тусгасан тогтоолын төсөл боловсруулжээ.
Байнгын хороо зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэн санал хурааж, хуулийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр тогтов.